Шууд Chart

Боловсролын технологийн талаарх олон улсын симпозиум амжилттай үргэлжилж байна

2020-10-22 17:57:54

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэн “21-р зууны боловсролын парадигм-2” буюу  “Компьютерын шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл, боловсролын технологи” олон улсын симпозиумыг (ISCSET-2020) 10 дугаар сарын 21-23 -ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Симпозиумд “Компьютерийн инженерчлэл”, “Боловсролын технологи”, “Боловсролын онол аргазүйн асуудлууд”  гэсэн сэдвийн дор  ХБНГУ, Франц, ОХУ, Япон,  БНХАУ, Монгол улсын 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлнэ.

Энэхүү арга хэмжээ нь эрдэмтэн, судлаачид судалгааны ажлын үр дүнгээ олон улсын түвшинд танилцуулах, мэргэжлийн болон олон улсын харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээллийг түгээх, хүртээх боломжийг нээж өгч, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үр дүнтэй хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Тус хүрээлэн нь боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулж,  ОУ-ын түвшинд боловсрол судлалын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн жил анх удаа   “21-р зууны боловсролын парадигм-1” ОУ-ын симпозиумыг амжилттай зохион байгуулсан юм.

Энэ жил “Covid-19” цар тахлын улмаас уг симпозиум уламжлалт хэлбэрээ өөрчлөн цахимаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна. ISCSET 2020 Симпозиумын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн,  хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (ШУТИС),  Кемниц хотын Техникийн Их Сургууль, (CUT), ХБНГУ, Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль, (NSTU), ОХУ,  Харбин хотын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (HUST), БНХАУ,  Монгол Улсын Их Сургууль, (МУИС) нар оролцож байна.

Эх сурвалж: БШУЯ


Боловсролын технологийн талаарх олон улсын симпозиум амжилттай үргэлжилж байна  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй