Шууд Chart

МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана

2020-10-23 11:32:21

МЭХ-ны аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзаж санал солилцлоо.

Үүний үр дүнд ясли, хүүхэд харах үйлчилгээ, эрүүл мэнд, гэр бүлийн боловсролын хичээлийн сургалтын программыг чанаржуулахад хамтран ажиллах гэсэн санал дээр нэгдэж, ирэх онд хамтран ажиллахаар болов.

Энэ жилээс ЕБС-д сургууль зохицуулах цаг гэж гаргасан. Энэ цагийг хүүхдийн хүмүүжил, ёс зүй, гэр бүлийн боловсрол, өсвөр насныханд бэлгийн боловсрол олгох зэрэг чиглэлийн сургалт, лекц зохион байгуулахад эмэгтэйчүүдийн санаачилга, дэмжлэг хэрэгтэй байгаа тул үндэсний хэмжээний МЭХ-той хамтран ажиллахаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын үеэр онцолсон юм.

МЭХ-ны төлөөлөл бүсгүйчүүд дээрх чиглэлд сэтгэл зүрхээ нэгтгэн хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд хүчирхийлэгч бус иргэнийг бэлтгэхэд анхаарч, хүүхдийн нас насанд тохирсон гэр бүлийн боловсрол олгоход анхаарах, боловсролын салбар дахь жендэрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах, цахим шилжилтэд бэлэн байж хүүхдүүдэд ирээдүйд эрэлттэй байх мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэгт анхаарч ажиллахыг хүсэв.

Боловсролын яам 1-2 настай хүүхдийг яслид хамруулах, 2-3 настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах, 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар судалгаагаа эхлүүлжээ.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор нартай уулзлаа. Уулзалтаар эмэгтэй гишүүд МЭХ-ноос гаргасан санал санаачлагыг дэмжих, МЭХ мөн тэдний санаачилсан хууль, санал дээр нэгдэж, дэмжиж ажиллах,  саналаа оруулах, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл, боловсрол, өв соёл, эрүүл мэндийн асуудал дээр хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: МЭХ


МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй