Шууд Chart

В.Удвал: Өрх толгойлсон эхийн тэтгэмж авахын тулд гэрлэлтээ батлуулахгүйгээр хамт амьдардаг хүмүүс байдаг

2020-10-23 13:55:43

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Онцлох зочин” хөтөлбөрт орсон .

-Гэр бүлийн тухай хуультай холбогдсон олон хууль бий. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдрагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маш чухал хууль. Зарим тохиолдолд гадны хүнээс шалтгаалж гэр бүлийн хүчирхийлэл бий болдог. Үүнтэй холбогдуулан нэг дор бүртгэлтэй биш ч хамт амьдардаг хүн нь нэгнээ хүчирхийлсэн тохиолдолд хэрхэх ёстойг зохицуулахаар тухайн тодорхойлолтыг хуульд оруулсан. Цаашдаа хамтран амьдрагчтай холбоотой асуудлыг хэрхэх ёстой вэ гэхээр нэгдсэн бүртгэл хийх шаардлагатай гэж санагдлаа. Тухайн бүртгэл, мэдээллээр дамжуулж үүссэн асуудлуудыг зохицуулаад явах нь зөв. Учир нь зарим өрх толгойлсон эх тэтгэмжид хамрагддаг. Энэ мөнгөө авахын тулд гэр бүлийн хүнтэйгээ гэрлэлтээ батлуулахгүйгээр хамт амьдардаг тохиолдлууд бий. Энэ тохиолдолд хамтран амьдрагч нэгнээ хүчирхийлсэн тохиолдолд хэрхэхийг хуульчилж, зохицуулсан байгаа.

-Гэр бүл салж сарнихад хүүхдийн эрх хөндөгддөг. Гэрлэлтээ цуцлуулчихаад хүүхдэдээ тэтгэмжийг нь өгдөггүй хүмүүс бий. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Хүүхдээ өөрөө өсгөөгүй эцэг эсвэл эх хүүхдийн тэтгэлэг өгөхийг хуульчилсан. Гэсэн ч өдгөө тэтгэмж авах ёстой хүүхдийн 30-40 хувь нь тэтгэлгээ тогтмол авч чаддаггүй. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн заалт оруулах шаардлага тулгарсан. Хүүхдийн тэтгэлэг гагцхүү хичээл сургуулийн хэрэгсэл, өвдсөн тохиолдолд эм тариа авах зэрэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах ёстой мөнгө. Гэтэл хүүхэд хамт байхгүй байгаа аав эсвэл ээжээсээ тэтгэлгээ авч чадахгүй бол эрх нь зөрчигдөнө.

Тиймээс хүүхдэд хэрэгцээтэй мөнгөн тэтгэмжийг цаг хугацаанд нь хэрхэн өгүүлэх асуудлыг шийдэх шаардлагатай гэж үзээд эцэг эсвэл эх нь тусдаа байдаг нийт хүүхдэд олгох тэтгэлгийг Засгийн газрын тусгай сангаас, өөрөөр хэлбэл улсын төсвөөс гаргаад хүүхдийн тэтгэлгээ өгөөгүй эцгээс эсвэл эхээс албадан авах, төсвийг нөхөж бүрдүүлэх боломжийг эрэлхийлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан нэлээн олон хэлэлцүүлгийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэд сан байгуулаад нөхөн төлүүлэх журмаар явах, хүүхдийн тэтгэлгээ төлдөггүй хүмүүсийн нэрийг нийтэд зарлавал тодорхой хэмжээнд зохицуулалтад орох байх гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ мэтээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр хэрэгжүүлж болох арга замуудыг ашиглана гэж үзэж байгаа.

-Өдгөө хүмүүс хүүхдийн эрхийн зөрчилд өмнөхөөсөө илүүтэй анхаарал хандуулдаг болсон. Нөгөө талд монголчуудын хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх уламжлалт сэтгэлгээ бий. Энэ хоёрын уялдааг хуульчлах боломж бий юу?

-Ёс заншил гэдэг талаас нь уламжлалыг өвөрмөцөөр авч үзэх ёстой. Гэр бүлийн тухай хуулийн зарчмууд дотор уламжлалт ёс заншлыг гэр бүлд хадгална гэж оруулсан. Энэ хадгалах гэдэг нь хүүхдээ зод гэсэн үг биш. Монголчууд гэр бүлийн ёс заншлаа хадгалж, хөгжүүлэх шаардлагатай гэсэн зарчим юм. Жишээлбэл, Ургийн бичиг хөтлөх соёл нэг хэсэг тасарсан л болохоос монголчуудын уламжлал. Тиймээс ургийн бичгээ хөтлөх гэх мэтчилэн уламжлалын, соёлын ялгаатай чухал зүйлс шинэчилсэн найруулгад бий. Энэ ёс уламжлалын тал дээр тунг нь тааруулаад цааш явах ёстой. Мэдээж дагаж мөрдөгдөж ирсэн ёс заншил, уламжлал дээр хуульчлаад, хуулиар зохицуулаад явах боломжгүй зүйлс бий. Гэхдээ өнөөгийн Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд орсон асуудлыг нэлээн нарийвчлан гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагад тусгаж өгөх шаардлагатай гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зохицуулалтууд хийсэн.

-Гэр бүлийн тухай хуулийг дагалдан гарах хуулиудад ямар нэмэлт өөрчлөлтүүд орох вэ?

-Одоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдах үед дагалдаж орох хуулиудад том хууль ч бий. Жишээлбэл, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэт хууль багтсан. Дээр дурдсан харилцаануудыг дагалдах хуулиудад оруулж байна. Үүний нэг нь Зөрчлийн тухай хууль. Эрүүгийн хуулиар шийдэх боломжгүй асуудлуудыг Зөрчлийн хуулиар шийднэ. Гэр бүлийн харилцааны бүртгэлтэй холбоотой гэх мэт янз бүрийн олон журам бий. Үүнийг зөрчих юм бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хуулиар зохицуулахаас өөр аргагүй. Иргэд заавал хуулиар хүч хэрэглүүлж байж, торгуулж байж зөрчил, асуудлаа шийдэх бус өөрөө ухамсарлан хууль журмын дагуу зөрчлөө засаад, асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Ийм ухамсарг гэр бүлийн боловсролоор олж авдаг.

Зөрчлийн хууль торгохоос гадна албадан сургалтад хамруулдаг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга маш удаан хугацаанд хэлэлцэгдэж байгаа учир уг хуульд орсон гэр бүлийн боловсролтой холбоотой бэлтгэл ажлууд хэдийн хангагдаад явж байна. Тухайлбал, Бүх дүүрэг болон зарим суманд Гэр бүлийн хөгжлийг дэмжих төв бий. Энэ төвүүдээр дамжуулж, гэр бүлийн сургалтууд орно. Жишээлбэл, эцэг болсон хэрнээ хүүхдээ хайхрахгүй орхигдуулаад яваад байгаа хүн энэ зөрчил, алдаагаа торгуулахгүйгээр сургалтад суугаад ухамсарлаж, засаж залруулж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Удвал: Өрх толгойлсон эхийн тэтгэмж авахын тулд гэрлэлтээ батлуулахгүйгээр хамт амьдардаг хүмүүс байдаг  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй