Шууд Chart

Э.Дэлгэрцэцэг: "Дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дуртай ч гэсэн дэлгэцэнд гарах юмсан" гэсэн нууцхан хүслийг минь сонссон юм шиг “Давхар цагаан шугам” кинонд тоглох санал ирсэн

2020-10-24 16:07:09

Тэрбээр МҮОНРТ-ийн “Өдөр өдрийн нар” 60 ангит уран сайхны кино, “Хүрэлдэй: Их хааны элч”, “Нэг биений хоёр зүрх” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосноос гадна “Итгэл”, “Говийн домог”, “2000” зэрэг монголын уран сайхны киноны эмэгтэй гол дүрд ам барьж, дуу оруулсан.

Мөн түүний дуу оруулсан олон зуун орчуулгын бүтээлээс жишээ татвал МҮОНТ-ийн орчуулгын бүтээл үзэгчдийн дунд “тэсрэлт” хийсэн “Бурхан багш” олон ангит киноны Сиддартын төрсөн эх Махамаяа хатан болон эхнэр Яшодара гүнжид дуу оруулсан юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танай удамд урлагийн хүмүүс байв уу. Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-MNB.mn сайтын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай ээжийн аав, ээж хоёр Цэргийн ансамбльд ажилладаг байсан. Эмээ маань уртын дуучин Л.Лхам-Орлом, өвөө маань хоор дуучин, ёочинчин Ж.Тэрбиш. Аав, ээж хоёр ажил ихтэй би эмээ, өвөөгөө л дагаж өссөн. Бага нас минь тоглолтын ард тайзан дээр дуулж, хөгжим тоглож, бүжиглэж буй ах, эгч нарыг харж биширч өссөн. Тэр дундаас бүжигчин эгч нарыг хараад том болоод ийм л мэргэжилтэй болно гэж боддог байлаа. Цэцэрлэгт байх үеэсээ л бүжгийн тоглолт, тэмцээнд орсон. Ингээд бодохоор миний зүрх сэтгэлийг урлагтай салшгүй холбосон хүн бол өвөө, эмээ хоёр минь.

Дараа нь би дунд ангиасаа зураач, загвар зохион бүтээгч болох хүсэлд автсан. Надад таван настайгаасаа хойш одоог хүртэл найзалж байгаа арван эмэгтэй найз бий. Бид “Free beat” гэдэг охидын бүжгийн хамтлагтай байсан. Энэ дундаас урлагийн хүн болсон нь би, мөн Ц.Хүсэлбаатар ах, гавьяат жүжигчин С.Өлзийхүү эгчийн охин мисс, жүжигчин Х.Баярмаа. Арван жилийн сурагч байхдаа манай хамтлагийнхан хошин урлагийн “Өнгөт инээд” продакшны тоглолтод бүжиглэдэг байлаа. Тоглолттой өдөр болгон 18:00 гэж тоглолт руу гаа очно. Шөнө 22:00 цагт тоглолт дуусаад гэр лүүгээ харина. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир багш биднийг удирддаг байсан.

Дуртай зүйлээ хийгээд дүүрэн үзэгчтэй тайзан дээр гардаг болохоор бөөн баяр. Мөн  цалин авна. Цалин буусан өдөр тор дүүрэн хүнс барьчихсан гэртээ орно. Өөрөө цалин орлоготой болохоор аав, ээжээсээ байнга мөнгө авахгүйгээр хэрэгцээгээ болгочихдог байсан. Тэр үеэс л жүжигчний мэргэжилд дурлаж, жүжигчин больё гэж шийдсэн. Гол нь миний хийж үзэхийг хүсдэг бүх ажил мэргэжлийг жүжигчин хүнд цогцоор нь хийх юм байна гэдгийг мэдсэн. Тухайн үед Үндэсний телевиз маань “MBDC” бүжгийн контент гаргасан даа. Манай хамтлаг тэр шоунд оролцоод финалд үлдсэн дөрвөн хамтлагийн цор ганц эмэгтэй хамтлаг болж байлаа.

-Таны хань мөн жүжигчин юм билээ. Нэг ангийн оюутнууд байсан уу. Танд сэтгэлээ хэрхэн илчилж байв?

-Манай хүнийг Б.Баттогтох гэдэг. Арван жилд байх даа манай “Давхар цагаан шугам” киноны Ерөнхий найруулагч Н.Чингис ахын кинонд жижиг дүрд тоглож байсан юм билээ. Сургуулиа төгсөөд дөрвөн найзын тухай өгүүлдэг “Найз” кинонд гол дүрд тоглосон. Дараа нь “Эмоци” продакшнд ажилласан, “Шөнө дундын яриа”, “Онцгой эрх” зэрэг кинонд тоглосон.

Би 2007 онд нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөөд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсэж, 2011 онд Монгол Улсын ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага дор төгссөн. Ханьтайгаа нэгдүгээр курсээсээ үерхээд, гэр бүл болсон. Тухайн үед манай найзууд чи СУИС-д сурах гэж элссэн юм уу нөхөрт гарах гэж орсон юм уу гээд шоолдог байсан (инээв). Бид хоёр ангидаа хонь, чоно хоёр байлаа. Манай ангийнхан “хамгийн хонь, чоно хоёр нь хоорондоо үерхээд, гэр бүл болчихдог” гэж гайхдаг.

СУИС-ийн оюутнууд чинь өглөөнөөс орой хүртэл хичээл, дасгалтай сургууль дээрээ өнждөг. Тэгэхээр гадуур болзох зав чөлөө нээх гардаггүй байлаа. Гэхдээ манай хүн хэчнээн хүйтэн өдөр байсан ч, өөрөө өдөржин хичээл, дасгал хийгээд ядарсан ч орой болгон хамт алхаж гэрт минь хүргэж өгдөг байсан. Би ч гэсэн автобус унаа, таксинд суугаад харьж болохоор байсан ч болзох цаг зав ерөөсөө гардаггүй байсан болохоор цуг алхаад л, замдаа юм яриад гэртээ хүргүүлдэг байсан. Уг нь СУИС-иас Жуков хүртэл нэлээн зайтай шүү дээ. Гэтэл хамт алхахаар зам хурдан дуусчихдаг байсан. 

Бүх л зүйлд сайн муу тал гэж байдаг даа. Урлагийн хүмүүсийн хувьд сайн тал нь гэр бүлийн хоёр ижил мэргэжилтэй болохоор бие биенээ ойлгодог. Нэг сцен, богинохон зураг авалт байлаа ч жүжигчнээс асар их бэлтгэл, цаг хугацаа, энерги хүч шаарддаг. Үүнийг өөр мэргэжлийн хүн төдийлөн ойлгохгүй. Харин бид хоёрын хувьд хэн хэн нь мэднэ.

-МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, дуу оруулагч-жүжигчдийн дуу хоолой үзэгчдэд найз нөхөд, дотнын нэгнийх нь мэт ээнэгшин хоногшсон байдаг. Мөн энэ албанаас төрөн гарсан жүжигчид (Н.Ялалт, А.Баттүшиг, Д.Энхбаяр, Т.Бархүү, “Тусгай салаа”-ны Дэндэвт тоглосон Т.Эрдэнэбаяр, “Наран мандах нутаг”-ийн Шил Ганбаад тоглосон Ш.Батболд) Монголын кино урлагт гялалзаж байна. Энэ нэр хүндтэй, хүнд албаны нэг эд эс болсон түүхээ хуваалцаач?

-Намайг их сургуулиа төгсдөг жил МҮОНРТ эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын тухай “Өдөр өдрийн нар” 60 ангит уран сайхны киноны проб зарлаж, СУИС-ийн төгсөх курсийн оюутнуудыг шалгасан. Бид ангиараа шалгуулаад одоо “Монголын мэдээ” сувагт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа манай ангийн Ч.Энхзул болон жүжигчин Э.Чинзориг бид гурав тэнцсэн. Улсынхаа хамгийн ууган том, телевизийн олон ангит кинонд тэнцчихлээ гээд бөөн баяр болсон. Энхзул бид хоёр гол дүрд тоглосон. Ингэж анх MNB-тэйгээ холбогдсон. Кинонд тоглосны дараа соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргал ах телевизэд ажилд орох маш том гүүр болсон. Над руу нэг өдөр утсаар яриад чи кинонд тоглоогүй зав чөлөөтэй байгаа бол телевиз дээр ирээд манай Кино, орчуулгын нэвтрүүлгийн албанд шалгуулчих гэж хэлсэн. Шалгуулсны ард Урлагийн гавьяат зүтгэлтэн Дармаа ах(Ж.Дарамсүрэн), дууны найруулагч Л.Сүрэнхорлоо эгч маань угтаж авсан. Ж.Дарамсүрэн ах надад “Битгий их жүжиглэ. Тухайн дүрээ хар, мэдэр. Үнэн бай. Тэр мэдрэмж чинь зөв байвал хоолойны чинь өнгө зөв гарна. Үг чинь аяндаа урсаад л явчихна” гэж хэлснийг байнга санаж явдаг. Тэр цаг мөчөөс хойш энэ албандаа, дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дурлаж, хайртай болсон. Учир нь өдөр бүр өөр өөр дүр дээр ажилладаг сонирхолтой, амттай ажил. Энэ сайхан албанд ажиллах замыг минь чиглүүлж өгсөн Г.Золжаргал ахдаа маш их баярладаг.

Дуу оруулагч-жүжигчнээр жүжигчний мэргэжлээр сурч төгссөн хүн л ажиллана. Урлагт үг хэл маш чухал. Маш их мэдрэмж, чадвар шаарддаг ажил. Эфирийн царай, төрхгүй, чадвар муутай жүжигчид микрофоны ард буюу “далд фронт”-д ажилладаг гэсэн ташаа ойлголт зарим хүнд байдаг. Чиний түрүү хэлсэн уран бүтээлчид энэ өрөөнд ажиллаж байхдаа дэлхийн олон орны хамгийн шилдэг гэсэн кинонуудад дуу оруулсан. Тэр дуу оруулалтуудаа хийж байхдаа суралцаж, өдөр бүр тексттэй ажиллаж, хэл амаа зүгшрүүлэх дасгал хийдэг. Үүний давуу тал нь диалоги буюу харилцан яриа тал дээр илүү гүнзгий мэргэшдэг.

Бусад албаныхан бид нарыг байнга л инээж байдаг. Бараг уурладаггүй хүмүүс гэж хэлдэг. Энэ нь ч үнэн. Саяхан соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж, төрдөө үнсүүлсэн нэвтрүүлэгч Н.Баярмаа болон Д.Цовоо, дуу оруулагч Д.Хишигдэлгэр эгч нар маань надад анх зааж зөвлөж байсан. Юу ч мэдэхгүй хүүхэд орж ирэхэд цааш түлхэхгүйгээр сургаад авахын төлөө л явдаг алба. Зөвхөн надтай гэлтгүй хүн бүртэй л тэгж тулж ажилладаг. Нэг хүн доод тал нь 3-8 дүрд дуу оруулдаг. Эмэгтэй хүнтэй холбогдолтой кино биш л бол эрэгтэй дүр илүү давамгай байдаг болохоор эрчүүд маань илүү ачаалалтай ажилладаг. 14-өөс доош насны эрэгтэй дүрд эмэгтэйчүүд дуу оруулдаг. Олон дүрд дуу оруулдаг болохоор заримдаа өөрөө өөртэйгөө харьцана. Манай албанд дуу оруулагч-жүжигчдээс гадна нэрт орчуулагч, дууны найруулагч нар, 16 мм, кино фондныхон гээд сайхан сайхан хүмүүс бий.

-“Давхар цагаан шугам” киноны гол дүрд сонгогдсоноо хэзээ мэдэв. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-2012 онд телевизэд орсноосоо хойш өдийг хүртэл телевизийн зохиомж, наадмын нэвтрүүлэгт орсноос биш бүрэн хэмжээний кинонд тоглоогүй. Хэдий дуу оруулагч-жүжигчний мэргэжилдээ дуртай ч гэсэн тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн болохоор дэлгэцэнд гарах юмсан гэсэн нууцхан хүсэл байсан. Энэ хүслийг минь сонссон юм шиг манай МҮОНТ-ийн Түүх, уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцын найруулагч Чингис ах маань “Давхар цагаан шугам” кинонд тоглох саналыг тавьсан. Маш их догдолж, баярлахын хажуугаар ойрд кинонд яваагүй учраас сандрал түгшүүр байсан.

Прокурор хүн гэхээр чанга хатуу санагддаг. Харин би их зөөлөн хүн. Зохиолоо уншсаны дараа маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, тоглолт шаардсан дүр байсан. Дүрээсээ жаахан сүрдсэн. Одоо бол ард нь гарчихсан сайхан байна. Гэхдээ надад давуу тал гарсан нь хамгийн их харилцдаг, тоглолттой дүр буюу Цэлмэгийн нөхөр Эрдэнээгийн дүрд манай албаны дуу оруулагч-жүжигчин Ц.Энхтайван ах, Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Сүхдоржийн дүрд Э.Бэлгүтэй ах маань тоглосон. Олон жил хамтраад ажиллачихсан хүмүүс чинь бие биенийгээ бараг харцаар нь ойлгоод сурчихсан. Өмнө нь олон орчуулгын кинонд эхнэр нөхөр, найз, хамт ажилладаг хүн болоод дуу оруулж байсан учраас хамт тоглоход амар байлаа.

-Цэлмэгийн дүрээс тантай ижил төстэй болон эсрэг тэсрэг зан чанар юу байв?

-Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг. Ажил алба, гэр бүлийнхээ аль алийг нь орхигдуулахыг хүсдэггүй. Монгол эмэгтэй бүрт байдаг энэ нийтлэг зан чанарын тал дээр ижил байсан. Хол хөндий зүйл нь юу вэ гэхээр Цэлмэг хууль хүчний байгууллагад ажилладаг, тэр дундаа прокурор хүн. Харин би хууль, шүүхийн мэдлэг нимгэн.

Дүрийн судалгаа хийх үүднээс би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва гэдэг эмэгтэй прокурор дээр дадлага хийсэн. Тэр хүнээс эмэгтэй прокурор хүн ямар байдаг ерөнхий зүг чиг авсан. Үүн дээр кино зохиолоос дүрээ ургуулан бодсон. Мөн манай киноны талбайн зөвлөхөөр ажилласан Т.Оргил-Очир прокурор зааж, зөвлөж байсан нь дүрээ бүтээхэд дөхөм боллоо. Прокурорууд шүүх хурлын үеэр шударга ёсны чиг шугамаасаа буцдаггүй, дайчин эрэмгий байдаг юм билээ.  Би шийдвэр гаргахынхаа өмнө тэгнэдэг, хулганадаг хүн. Харин Цэлмэгийн дүр шийдэмгий, зоригтой.

-Цэлмэг прокуророор бахархах эсвэл өрөвдөх ч юм уу, үзэн ядах мэдрэмж төрж байв уу?

-Монголын нийт прокурорын 54 хувь нь эмэгтэй хүн байдаг юм билээ. Урлагийн ажил цаг наргүй. Тиймээс надад ар гэрээ орхигдуулаад байгаа юм шиг санагддаг байсан. Тэгсэн прокурорын ажил бүр ч чөлөө зав байхгүй, давуу эрх эдлээд байгаа юм шиг харагддаг хэрнээ энгийн иргэдийн эдэлж буй эрхийн талыг нь эдэлдэг, алдах, гомдож туних, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх эрхгүй. Прокурорууд маш хатуужилтай, сэтгэлийн хаттай, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сурсан байдаг юм билээ. Угаасаа ажил нь тэгэхээс ч аргагүй юм билээ. Хажуугаас нь энэ бүхнийг хараад эмэгтэй хүн шүү дээ гэж өрөвдөж, хаанаас нь ийм их дайчин чанар гардаг байнаа гэж бахархаж байлаа. Манай киноны нэг онцлог нь дан ганц прокурорын ажил албыг бус ар гэрийг нь ч харуулсан. Анхандаа ар гэр нь төдийлөн бас сайн ойлгохгүй. Эмэгтэй хүн, эхнэр хүн гэртээ харагдахгүй, хүүхдээ анхаарахгүй, нийгмийн анхааралд өртсөн том гэмт хэргүүд дээр ажиллаад байхад ямар л эрэгтэй хүн дуртай байхав дээ. Энэ тал дээр “Давхар цагаан шугам” кино прокурор эмэгтэйн амьдралын үнэнийг харуулсан нь маш зөв болсон.

-“Давхар цагаан шугам” кино олон эсрэг дүртэй. Үүнээс Соёо Төрөө, Чүлтэмжав, Доньд гэсэн сөрөг талын гурван том дүрийн эсрэг гол дүрийн баатар Цэлмэг тэмцэж байгаа нь хүч тэнцвэргүй санагдсан.

-“Прокурор хүн л гэж байхаас эрэгтэй, эмэгтэй прокурор гэсэн зааг ялгаа байхгүй” гэж киноны маань нэг хэсэгт гардаг даа. Яг л тийм. Эвий минь энэ прокурор эмэгтэй хүн шүү гэж хэн ч зөөлөн хандаж, харьцдаггүй. Прокурор гэсэн үүднээс л ханддаг. Энэ эмэгтэй хүн тиймээс хүнд хэрэг өгч болохгүй. Үр хүүхэд рүүгээ эрт харь гэсэн юм байхгүй. Прокурорын тангаргаа өргөсөн л бол туньж, эрхэлнэ гэсэн ойлголт байхгүй. Бүх л шүүмж, бусдын дайралтыг өөр дээрээ хүлээж аваад сурчихсан бие, сэтгэлзүйн хаттай улсууд байдаг юм билээ. Прокурорын тухай кинонууд дээр энэ ажил мэргэжлийг бусдыг яллахын төлөө явдаг гэж харуулдаг. Гэтэл гэмт хэрэгтэн гэхээсээ илүүтэй хувь хүнээр нь олж хараад аль болох буруугүй, цагаатгах талыг нь олж хардаг хүмүүс юм билээ.

-Гэр бүлээрээ киногоо үзэж байгаа пост фэйсбүүктээ оруулсан байсан. Таны хань ямар сэтгэгдэл хэлэв?

-Тийм ээ. Зохиолоо уншчихаад ханиасаа чи олон кинонд тоглосон хүн зөвлөх зүйл юу байна. Ойрд кинонд тоглоогүй эмээгээд байна гэдгээ хэлэхэд “Миний хайр битгий өөрийгөө гол. Чи чадвартай, чадна” л гэж хэлсэн. Нэг инээдтэй зүйл хэлэхэд Цэлмэгийн нөхрөө үнсдэг хэсэг дээр нөхөр маань тоглоод л хэлж байгаа юм л даа “Хүүе” гэсэн. Тэгсэн манай хүү “Аав минь дээ энэ чинь кино шүү дээ” гэж хэлсэн (инээв). Охин минь “ээж шиг ээ зөндөө кинонд тогломоор байна” гэсэн.

-Маш олон үзэгч Цэлмэг прокурорын охины дүрд тоглосон бяцхан жүжигчин Д.Нэмүүлэнг хэвлүүхэн жүжиглэдэг, эгдүүтэй охин гэж хэлж байсан.

-Зураг авалтын үеэр манай хоёр хүүхэд Дарханд нөхрийн аав, ээж хоёр дээр байсан. Зураг авалтын үеийн зургуудыг харснаа “Та их муухай. Өөр охин хайрласан байна” гээд их гомдсон (инээв). Би тэгээд тайлбарлаж аргадсан. Цэлмэгийн охины дүрд тоглодог Д.Нэмүүлэн их мундаг охин. Энэ намар сургуульд элсэн орж байгаа. Зураг авалтад орохын өмнө текстээ нэг хэлүүлээд л цээжилчихдэг. Мөн маш хариуцлагатай, сэргэлэн. Кинонд залгаа сцен гэж авдаг. Хэр баргийн жүжигчид өмнөх сцений зурганд орохдоо өмссөн хувцсаа санадаггүй. Тэгсэн Нэмүүлэн үсний боолт, даруулга гээд бүх юмаа санаж байсан. Зураг авалтын үеэр олон удаагийн дубль ерөөсөө хийгээгүй. Урьд нь уулзаж байгаагүй жаахан хүүхэдтэй шууд ээж охин болж тоглох нөгөө хүүхдэд эвгүй шүү дээ. Тэгсэн эхний зураг авахын өмнө зургийн объектод “Ээж ээ” гээд л гүйгээд ороод ирсэн. Анхнаасаа л кино багийнхны хайрыг татаад л, надтай ч төрсөн ээж охин шиг дотно байсан.

Мөн Д.Нэмүүлэнгийн аав, ээж их мундаг. Зураг авалт гурван сар үргэлжлэхэд ерөөсөө төвөгшөөлгүй охиноо хүргэж ирээд л, хувцас хунар, бусад зүйлсийг нь бэлдэж өгсөн. MNB.mn сайтаараа дамжуулан Д.Нэмүүлэн охиндоо, аав ээжид нь баярлалаа гэж хэлье.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Маш олон хүнд талархаж байгаагаа хэлмээр байна. Юун түрүүнд ээж, аав хоёртоо баярлалаа. Миний өдий зэрэгтэй яваа минь аав, ээж хоёрын минь ач. “Давхар цагаан шугам” олон ангит киноны гол дүрд тоглоход хамгийн их баярласан хүн нь миний хань болов уу. Хоёр сайхан хүүхдийн аав, ээж болоод явж байгаа ханьдаа баярлалаа. Ажил мэргэжлийг минь ойлгож, ар талын ажлыг минь дааж явдаг ханийнхаа аав, ээж хоёрт баярлаж явдаг. Мөн надад итгэл хүлээлгэж Цэлмэгийн дүрийг өгсөн “Давхар цагаан шугам” киноны Ерөнхий найруулагч Намсрайн Чингис ахдаа, энэ кинонд бүх сэтгэл зүрхээ гарган ажилласан телевизийнхээ нийт уран бүтээлчид, төвөгшөөлгүй дэмжиж тусалсан прокурорын байгууллагын хамт олондоо, зөвлөхөөр ажилласан Т.Оргил-Очир прокурорт маш их баярлалаа. “Давхар цагаан шугам” кино маань үзэгч түмэнд хүрээсэй, прокурорын ажил мэргэжлийг үнэн зөвөөр ойлгуулаасай гэж хүсч байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Дэлгэрцэцэг: "Дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дуртай ч гэсэн дэлгэцэнд гарах юмсан" гэсэн нууцхан хүслийг минь сонссон юм шиг “Давхар цагаан шугам” кинонд тоглох санал ирсэн  
Үзсэн: 7638 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй