Шууд Chart

Бүгд Найрамдах Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад бэлгийн багц гардуулжээ

2020-10-26 10:35:30

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад хүргүүлсэн 200 бэлгийн багцыг “Тан ток сенг” эмнэлгийн Гүйцэтгэх захирал Др. Юүжин Фиделис Со-д гардуулав. 

“Ковид-19” цар тахлын хүнд цаг үед Бүгд Найрамдах Сингапур Улс Монгол Улсад удаа дараагийн тусламж үзүүлээд байна. Тухайлбал, “Темасек” олон улсын сангаас өнгөрөгч 4 дүгээр сард 3000 ширхэг “Fortitude 2.0” багц оношилгооны түргэвчилсэн тест, 9 дүгээр сард амьсгалын замын цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдэд зориулан 10 ширхэг “Yuwell 9F-5AW” хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг Монгол Улсад хандивласан. Мөн Сингапур дахь ЭСЯ-ны санаачилгаар Монгол Улсад бизнес эрхлэгч Сингапур иргэдээс 30,000 син.долларын хандив цуглуулж, түүгээр Сингапур Улсын “Biolidics” лабораторид үйлдвэрлэсэн “2019-nCoV IgG/IgM Antibody Detection kit” нэр бүхий 1800 ширхэг “Ковид-19” оношилгооны түргэвчилсэн тестийг авч, Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд тус тус хүлээлгэн өгсөн юм.

2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд, мөн өнөөгийн “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед дэмжлэг үзүүлсэнд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон Монгол Улсын Засгийн газраас Сингапур Улсын тэргүүн эгнээний, эрүүл мэндийн ажилчдад Монголын дээжис эко бүтээгдэхүүн бүхий 200 ширхэг бэлгийн багц хүлээлгэн өгсөн нь манай хоёр орны нөхөрсөг дотно харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн бататгасан явдал боллоо.

Өдгөө 175 жилийн түүхтэй “Тан ток сенг” эмнэлэг нь Сингапур Улсын “Ковид-19” цар тахлыг судалж, эмчилж буй эрүүл мэндийн төв байгууллага – “Халдварт өвчний үндэсний төв”-ийн үйл ажиллагааг удирдан явуулдаг нэгдсэн төв эмнэлэг юм.


Бүгд Найрамдах Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад бэлгийн багц гардуулжээ   
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй