Шууд Chart

Хурдан удмын адууны дээд ханш 150 сая төгрөгт хүрлээ

2020-10-26 11:57:21

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрах хурд хуваах зорилгоор өөрийн өсгөж үржүүлж буй адуун сүргээсээ дуудлага худалдаа зарлаж, өнгөрсөн бямба гарагт “Өлзийт” хороололд зохион байгууллаа.

Уг худалдаанд төрийн түмэн эх халиун мориных нь эх эцэг нэгтэй төрсөн дүү болох бүсийн наадамд нэг айрагдсан “Үнэнч хар” үрээ, бүсэд хоёр айрагдаад буй “Бүлтүүш хээр” гэх мэт улс, бүсийн наадамд айрагдсан 6-7 адуу оржээ.

Мөн энэ жилийн төрийн наадамд гурван төл нь түрүүлж айрагдсан “Тогоо хар” азарганых төл багтсан байна.

Эдгээр алтан туурайтаас хамгийн их үнэд хүрсэн нь “Бүлтүүш хээр” үрээ нь байлаа.

Энэхүү адууны амжилтаас дурдвал шүдлэн насандаа хангайн бүсэд айргийн тав, хязааландаа улсын баяр наадамд зургаа, баруун бүсэд аман хүзүүнд хурдалж байв.

Тус хүлгийг 150 сая төгрөгөөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Гончигбатын Батболд үнэ цохиж авсан юм.

Хээр үрээний удам болбоос эцэг нь Тогоо хар азарга эх нь Төв аймгийн Лүн сумын харьяат, “Итгэлт орших” ХХК-ийн захирал, тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн “Резви” дуудлагатай азарганы төл 50 хувьтай гүү юм байна.

Сонирхуулахад, Т.Галбадрах өнгөрсөн жил мөн л ийнхүү дуудлага худалдаа зохион байгуулахад бор үрээ нь 70 сая төгрөгт хүрч, тухайн үед дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр ханшид хүрч байлаа.

Тус хүлэг нь “Хангарьд-2019” наадамд түрүүлж байсан юм. Тэгвэл тэр жил мөн л өндөр үнэд хүрсэн адуу бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, тод манлай уяач Д.Онон бундан тамгатай адуун сүргээсээ хүрэн зүсмийн даагаа тод манлай уяач Д.Хишигжаргалд 61 сая төгрөгөөр худалдаж байсан билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хурдан удмын адууны дээд ханш 150 сая төгрөгт хүрлээ   
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй