Шууд Chart

Хойд туйлын "Мөс цавчигч" эзэн

2020-10-27 10:34:05

Цагаан баавгай нь Умард мөсөн далай, түүнийг тойрсон тэнгисүүдээр тархсан баавгайн төрөл зүйл юм. Дэлхийн хуурай газрын хамгийн том махан идэштэн бөгөөд Кодяк баавгай, цагаан баавгай хоёр хуурай газрын хамгийн том махчин гэж тооцогддог байна. Нийт 22-31 мянга орчим цагаан баавгай 19 бүс нутагт амьдардаг ба 60-80 гаруй хувь нь Канад улсад байдаг.

Бие гүйцсэн маахай 400-680 кг байдаг бол эвш хагастай нь тэнцэнэ. Цагаан баавгай нь хүрэн баавгайтай ойр төрөл боловч экологийн явцуу нөхцөлд зохицсон, тухайлбал биеийн олон шинж нь хүйтэн хэм, цас, мөс, задгай усаар явах, сэлүүр хөлтөн барихад зохицсон. Цагаан баавгай хуурай газар төрдөг боловч амьдралынхаа ихэнх хугацааг далай тэнгист өнгөрүүлдэг бөгөөд тэнгисийн усанд хөвөх мөсөн дээр аялж, идэш хоолоо барьдаг байна.  Гол идэш тэжээл нь загас зэрэг далайн амьтан юм.

Цагаан баавгай нь сүүлийн жилүүдэд тоо толгой хорогдож байгаа тул эмзэг зүйлд тооцогддог. Энэ нь Европ, Орос, Хойд Америкт олон арван жилийн турш хязгаар хориггүй агнаж байсны улмаас энэ зүйлийн ирээдүй бүрхэг болж, олон улсын зүгээс анхаарал тавих болсон.

Ийнхүү цагаан баавгайн анд хяналт тавьж, квот тогтоох болсноор тоо толгой нь эргээд сэргэж байна. Олон мянган жилийн турш цагаан баавгай Хойд туйлын уугуул иргэдийн эд, оюун санаа, соёлын амьдралд гол байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд эдгээр үндэстэн ястны дунд цагаан баавгай агнах нь чухал явдалд тооцогдсоор байгаа билээ.

Олон улсын байгаль хамгаалах холбоо цагаан баавгайд учирч буй хамгийн гол аюулыг дэлхийн дулаарал гэж үзсэн. Учир нь цагаан баавгайн амьдрах орчин болсон далайн мөс хайлснаар хангалттай идэш хоол олох чадвар нь багасч байгаа ажээ. ОУБХХ-ны мэдэгдсэнээр "Хэрэв цаг уурын энэ хандлага үргэлжилсээр байвал цагаан баавгай одоо тархсан ихэнх нутгаасаа 100 жилийн дотор устаж үгүй болох аюултай" ажээ.

Энэ талаар Торонтогийн их сургуулийн профессор Петер Молнар "Цагаан баавгай ирээдүйд цаг уурын өөрчлөлтийн тухай постер зураг болж үлдэх эрсдэлтэй байна. Хэрэв мөс үгүй бол тэдэнд очих газар үгүй" хэмээсэн байдаг.

2008 оны 5 дугаар сарын 14-нд АНУ-ын Дотоод явдлын департамент цагаан баавгайг Ховордсон зүйлүүдийн тухай хуулиндаа ховор зүйлээр оруулжээ.


Хойд туйлын "Мөс цавчигч" эзэн  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй