Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн түүхэн өдөр...

2020-10-27 11:21:37

Өнөөдөр Монгол улс НҮБ-д гишүүнээр элсэн орж,  анх удаа тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн түүхт өдөр. 59 жилийн өмнөх энэ өдрийг орчин үеийн Монголын түүхийн эргэлтийн үе гэж түүхчид үздэг.

Манай улс тухайн үеийн зөвхөн социалист улс орнууд биш мөн капиталист улс орнуудыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орсон нь дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, “цөлөгдмөл” байдлаасаа гарах түүхэн боломжтой болсон юм. Хамгийн гол нь тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй үр өгөөжийг өгсөн. 1961 оноос өмнө манай улс нийт 19 социалист болон хөгжиж буй улс орнуудад дипломат харилцаатай байв.

Харин НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болсон ба  1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ. Мөн НҮБ-д элссэн нэг чухал үр өгөөж бол, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд НҮБ-ын тусламж дэмжлэгийг авах эрхтэй болсон юм.

Монгол Улс нь  Сан-Францискогийн гэрээ буюу  дэлхийн 2 дугаар дайны дараа улс орнууд дайн самуунаас ангид харилцааны шинэ хэлбэрт орох ёстой гэж үзэн  1945 оны 10 дугаар сарын 24-нд 51 улсын оролцоотойгоор  АНУ-ын Сан Франциско хотноо НҮБ-ыг анх байгуулсны  дараах жил,  1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч  тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлийг давж гаран, 15 жилийн дараа 1961 онд л энэ байгууллагын босгыг алхаж байжээ.

НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш бараг жил бүр элсэх өргөдлөө манай улс шинэчилж байсан байдаг. Мөн 1946-1961 оны хооронд НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн чуулганаар нийт 13 удаа ямар нэг хэлбэрээр Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцсэн байдаг.

Тухайн үед  НҮБ  нь Дэлхийн II дайны дараа дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн  чухал нөлөөтэй байгууллага болон хувирсан байжээ. Хэрэв дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцох гэвэл НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай байв.  Энэ шаардлагыг монголчууд мэдэрч тус байгууллагад элсэхийг  зорьсон боловч тухай үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас хүсэл нь биелэхгүй ийнхүү  удаан хүлээжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16 чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: “1961 оны 10 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болохыг зөвшөөрөв” гэжээ.

15 жил уйгагүй тэмцэлдэж байж манай улс НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүн болжээ. Манай улстай хамт нэг өдөр Исламын Бүгд Найрамдах Мавритан Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.


ӨНӨӨДӨР: Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн түүхэн өдөр...  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй