Шууд Chart

Урлаг, улс төрийн тод хүн

2020-10-29 09:41:55

Хорвоогийн цаг цагийн тохиолд ямар ч улс үндэстэнд "Сод хүмүүс төрдөг нь байгалийн өгөгдөл аж. Монголчууд бидний түүхэнд ч ийм хүмүүс олон  төрсөн байдаг. Харин ижил онцгой хүн нэг дор олон буюу ойрхон тохиодоггүй гэдэг.

Тухайлбал,Нэрт дуучин Н.Норовбанзад гуайг зуун жилд ч ганц төрөхөөргүй ховор дуучин гэж ярих нь бий. Ийнхүү улс орныхоо өв соёлыг бүтээгч, гэгээрсэн эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид, авьяас билэгт түүхэн "Сод" хүмүүсээс гадна нэр хүндтэй тэргүүн "Сор" хүмүүс ч өдгөө бидний дунд амьдарсаар... Тийм нэгэн бол билэг танхай авьяасаараа он цагийг эзэгнэн тодоос тод гэрэлтэж яваа төрмөл гэгдэх төгс төгөлдөр авьяастан "Нэг хүнтэй" театрыг үүсгэн байгуулагч, гайхамшигтай жүжигчин, уран өгүүлэгч, дуучин МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарам бөлгөө. Түүнийг урлаг соёлынхон "Со" хэмээн авгайлан хүндэлдэг бол үзэгч түмэн халгиж цалгисан их авьяастан гэж хайрладаг.

"Со" УБДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөж УДЭТ-т ажиллаж байхдаа мэргэжил нэгт эрдэм хэдэн нөхдийн хамт гадаадад сурах хүсэлт гаргахад, нэрт найруулагч Д.Доржсамбуу: "Байгаль чамд чамлашгүй амьд авьяас хайрлачхаад байхад гадагшаа явж сурна! гэж, юугаа яриад байгаа нөхөр вэ? чи!" гээд явуулаагүй гэдэг. Гярхай нүдтэй, том найруулагч, мөнөөх төгс төгөлдөр авьяасыг нь тод харсан болоод л тэр... Амьд гэдэг нь төрмөл авьяасыг нь хэлж буй хэрэг. Үнэндээ энэ эрхмийн тоглолтыг шимтэн үзэхүй: "Түүнд ямар нэгэн далдын хүч үйлчлээд байгаа ч юм уу? эсвэл бурхдын нууц увдис оршоод байгаа ч юм уу? бүү мэд! Нэг л өөр ер бусын "Огшил, Омогшил" түүнээс ямагт бадардаг. Ёстой л цаанаасаа онгод өгөгдөлтэй жинхэнэ төрмөл жүжигчний дотоод сэтгэл задарч гадагшлах гэдэг л тэр байх. Хэн ч үгүйсгэж маргамгүй ийм хүчирхэг уран бүтээлчийг төр соёрхож, түмэн олон хайрлахын үнэн учир үүнд л оршином. "Цол дагаж бяр" гэдэгчлэн хос цолтон түүнд дүр бүтээх санал ирэх нь цөөнгүй. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан хэдэн зууны тэртээх үүх түүх, эзэн Чингис хааны тухай өгүүлэх жүжгийн уралдаан зарлахад Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт найруулагч Б.Баатар нар шалгарч "Со" гавьяатыг их хаанд тоглуулахаар болжээ.

Гэтэл "Со" талархсанаа илэрхийлээд харин тоглох боломжгүй гэдгээ хэлэхэд,

Б.Баатар найруулагч, "Хэрвээ чи тоглохгүй юм бол, би энэ жүжгийг найруулахгүй! Миний бодол тавилтаар Их хаанд тоглох жүжигчин ганцхан чи! өөр хэн ч биш …" гэжээ. Үүнийг Б.Баатар найруулагч өөрөө Монголын радиод ирж тухлангаа тодорхой ярив. Тэр Радио, телевизийн ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, найруулагч нэвтрүүлэгчдийн даргаар олон жил ажилласан болохоор бидэнтэй үргэлж уулзан хөөрөлддөг байлаа. Бид "Со" яагаад тоглохгүй гэснийг гайхан асуухад: Япончууд Чингис хааны тухай кино хийх гээд Со-г нэлээд хүлээлгэснээ больчихсон юм. "Со" түүнд нь эгдүүцэхдээ надад адайрсан нь тэр. Түүний ч буруу биш , гэхдээ одоо тоглоно.

Харин яаж тоглохыг нь үз! гээд хэдэн урилга өгчхөөд гарав. Мэдээж дэлхийн түүхэн суут их хүн, эзэн Чингис хааныхаа дүрийг бүтээх олдошгүй, алдашгүй ховор хувь заяаг хэн буцаахав.

Магадгүй! дээд тэнгэрээс хаан аав, "Миний хаана яаж төрж хүн болсныг, эр бие минь өсөж Их Монгол улс байгуулсныг, хил хязгааргүй дайтаж хэн явсныг маань дүрчлэн харуулах "Со" хүү минь! эхлээд эх орон элгэн түмэнтэй минь учруул! Миний сүнс, чамаас асан дүрэлзэх онгод тань байж, унтрахын үест чинь эргээд мөнх хөх тэнгэртээ залармой… хэмээсэн далд учир зүй түүнийг япончуудаас шууд салгасан байж ч мэдэх ... Хэрэв дэлхийн эрдэмтэд сүнс буйг дахин дахин нотолсон нь үнэн бол, яг л ингэж бодохоор! Басхүү ертөнц өөрөө сав дэлхийдээ төрүүлсэн дэд хүмүүний сүнсийг хүй цөглөсөн хөрст газартай нь холбодог байваас тэрхүү тохиол "Co" -г хаанд тоглох бүрийд зүрх сэтгэлээр нь хэдэнтээ дамжсан байлтай.

Найруулагчид хамгийн сайн жүжигчнийг бодит дүрд тоглуулдаг гэх яриа байдаг.

Өндөр ур чадвараас гадна хүлээх үүрэг хариуцлага нь зохиомжит дүрээс ихэд ялгаатай учир үнэн байж ч болох. Монголчуудын гүн хүндэтгэлт хайртай жүжигчин Төрийн шагналт, АЖ Н.Сувд, нэрт найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, АЖ Б.Мөнхдорж нар Төрийн шагналт, УГЖ Д.Сосорбарамын гарын багш гэдгийг нь хэлэхгүй өнгөрч боломгүй. Энэхүү багш шавийн бүтээлч нандин холбоо нь хамтын хөдөлмөр зүтгэлийн үр дүн, бие биесээ чимсэн том тодотгол ажгуу. "Со" агуу гэгээрэгч Говийн ноён дагшин хутагт Данзанравжаагийн дүрийг дэлгэцнээ бас л сайхан бүтээснийг бид сайн мэднэ. Ийнхүү түүхэн хоёр хүний дүрд тоглосныг нягтлан харьцуулахад нэг хүнээс гарсан хоёр дүр гэж ер харагдамгүй. Хэдийгээр цаг хугацаа, насны ялгаанд бүтээгдсэн огт өөр дүрүүд боловч өөрийнх нь төрөлх харц, үйл хөдлөл, үг ярианы хэм хэмнэл, ижил давтамжгүй хувирна гэдэг үнэхээр хөрвөлт сайтай жүжигчнээс л гарах ур ухаан, мэдрэмж буюу.

Бидний хэдэн нэвтрүүлэгчид "Атга нөж" жүжгийг үзээд түүний зөвхөн тоглох ур чадварыг бус хурц тод үг хэллэг, дүрийн утга санааг илэрхийлэх өнгө аяс бишрэм байсныг ам уралдуулан сайшааж билээ. Жүжгийн үйл явдал өгүүлэмж өрнөх тусам үгэндээ хүч аван чангарч, дүрдээ ордог, дотоод сэтгэлийн өндөр мэдрэмж гаргалгаатай, аргагүй л зангаргатай жүжигчин юм гэдэг нь илт харагдаж, манай хаан ийм л хүн байж гэх итгэл үнэмшил, баяр бахдал төртөл тоглосныг зориуд онцлууштай. Гайхалтай нь өөрийнх нь үндсэн царай төрх, эзэн хааны зурагтай эгэлгүй адилхан санагдаж байлаа. Тэрээр анх хааны дүрийг кинонд бүтээх болсон үеэс л холбогдох Түүхчилсэн ном бүрийг уншиж нарийн судалгаанд орсон гэдэг. Ер нь түүнийг ном их цуглуулдаг, сайн уншигч, нямбайлан хадгалагч гэдгийг мэдэх хүмүүс нь ярьдаг. Жишээлбээс, 1990-ээд оны сүүлчээр "Co" Москвад очихдоо, ЭСЯ-ны соёлын атташе У.Сарантуяатай тааралдаж /одоогийн Занабазар музейн захирал/ түүнд хандан дэлхийн сонгодог жүжгүүд үзэх, мөн хамгийн ховор номтой дэлгүүрүүдээр орох хүсэлт гаргажээ.

Тэгснээ, хэдхэн хоног дотор ойр ойрхон асууж яаруулаад байж. Соёлт гэр бүлд өсч, Москвагийн их сургууль дүүргэсэн У.Сараа бүсгүй захиалсан билетийг нь даруй олж өгч номын хэдэн ч дэлгүүрээр оруулжээ. Хожим энэ тухай, Би "Со" гавьяатыг сайн жүжигчнээр нь л мэдэхээс биш, номонд тийм айхтар хорхойсдог гэж яаж мэдэхэв. Маш оюунлаг, мундаг хүн юм билээ. Миний нөхөр, хадам ах /хэл шинжлэлийн ухааны доктор Сүхбаатар / бид гурав , гавьяатын хамт хэдэн өдөр сонгодог жүжгээр амьсгалсан шүү ... хэмээн бахдан ярив . Ийнхүү аливаа хүн, тэр дундаа урлаг соёлын хүмүүс хаана ч бууж мордсон бусдад таатай сэтгэгдэл үлдээх сайхан.

Төрийн шагналт, гавьяат маань хос морьтон уран бүтээлч. Түүний дуулсан "Үлэмжийн чанар", "Дорнын цагаан саран", "Халтар манан хөөрөг", "Зуслангийн уянга", "Намуун байгаль", "Жаргаах зүрхэн", "Зүүдний гуйлга" зэрэг зүрх сэтгэлээр нь хөглөгдсөн олон сайхан дууг сонсогч түмэн, дуу дуунаас илүүтэй сонгон сонсох дуртай. Аргагүй л гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн хэлдгээр "илүү, илүү" болохоор л тэр биз. Ямар нэгэн үйлсэд анхдагч гэж заавал байдаг. Тийнхүү Монголд хошин урлаг хөгжүүлсэн анхдагч цөөн хүний нэг нь "Со" юм. Анх "Бага театр" нэрээр эхэлсэн санагдана. Тэрээр хүнийг уурлуулах тун амархан, харин инээлгэх маш хэцүү. Амьдралын өнгө бүхнээр тоглодог энэ урлагаас залуу жүжигчид маань ихийг сурах хэрэгтэй гэж өгүүлэв. Нөгөөтээгүүр ямар ч шагнал эзнээ олох гэдэг их үнэ цэнэ. "Со" хилийн чанадаас урьд нь Монгол хүний гардаагүй урлагийн том цол чимэг хүртсэн нь "Маэстро" бөгөөд бас цаашлаад түүнд Япон улсаас анх удаа монгол хүнд олгосон нэр хүндтэй өндөр шагнал буй. Ийнхүү "Со" гадаад, дотоодод үнэлэгдсэн үнэхээр их авьяастан бөлгөө.

Том авьяастан тод авьяастнаа ойлгодог гэнэм.

Хуучин цагт "Тэрс үзэлтэн" хэмээн хардлага хавчлагад өртөгдөн бүхий л амьдрал уран бүтээлээрээ хэлмэгдэн адлагдаж явсан гаргууд том найрагчдын нэг нь Р.Чойном байжээ. Тэр, зохиол шүлэг найрагтаа тухайн нийгмийнхээ гажуудал бүрийг уран хошиноор хатуухан шүүмжилж, эх орон, энэрэл хайр ер юм бүхнийг гүн ухааруулан бичдэг байж.

Цагийн уртад Р.Чойномын оюун ухааны шим бүтээлүүд дэндүү мартагдан алсрах үест, дахин сэргээж алдаршуулахаар түүний нэрэмжит "Ганц хүнтэй театр" -ыг үүсгэн байгуулсан хүнлэг нэгэн бол "Со" юм. Хэн байхаас үл хамаарч он цагийн эргэлтэд, мартагдах, мартагдахгүй, санагдах, санагдахгүй хүн зон байдаг. Ийнхүү яавч мартагдах учиргүй агуу найрагч Р.Чойном уран бүтээлтэйгээ хамт, усанд шидэгдсэн чулуу мэт алга болсон үед "Со" өөрийн авьяас хөдөлмөрөө сүлсээр, зохиогчийн бүхий бүтээлийг амьдруулан ил тод дэлгэсэн нь Монголын утга зохиол, соёл урлагийн ертөнцөд оруулсан хосгүй гавьяа болов, "Со" зөвхөн урлагийн бус улс төрийн том зүтгэлтэн, "Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулсан анхны арван гурав" гэсэн үл мартагдах тодотголоор Монголын улс төрийн түүхэнд мөнхрөн бичигдсэн хүн.

Хачирхалтай нь тухайн хувьсгалын тод нүүр царай, том дуу хоолой болж явсан "Со" төдийгөөс өдий хүртэл "Жинхэнэ төр"-ийн хүн байх байтал яагаад он удаан жил далд, даруу явна вэ?" Хүн юу тарина, түүнийгээ хураадаг" гэдэгсэн. Энэ тухайд дотно андтай нь цөөн хором ярилцахад, "Манай "Со" ашиг хайж албан тушаал хөөх хүн биш л дээ. Одоо ч бүгд л хөрөнгө мөнгөний төлөө суудал горилдог болцгоож.

Тийм хүмүүстэй үг яриа, үзэл бодол нь даанч таарахгүй! Буруу бусармаг зүйлтэй айхтар тэмцэж, ширүүн зөрчилддөг шударга араншинтай, ил тод, их өөр хүн шүү дээ." Гэв. Тиймээ! "Со" хэнээс ч хараат бус шударга бие хүний бодит дүр санагддаг. Хүн бүхний бусдад мэдэгдэхгүй цор ганц далд нууц гэмээнэ, чөлөөт бодол санаа нь байдаг. Тэр зөв буруу, үнэн худал, хар цагааны төлөө үзэл бодол үзэн ядалтаа хаана ч хэнд ч хатуугаас хатуу хэлж чаддаг, энэ нийгэм цаг үед ховордсон хүний нэг.

Эх орон, ард түмнийхээ төлөө, шинэ хувьсгалын үрийг тарьж галыг бадраан бие сэтгэл, хамаг л бүхнээ зориулан болзошгүй аймшигт эрсдэлүүдээс үл эмээн тэмцэж, Ардчилсан нийгэм тогтоосон тэр үеийн цөстэй, зоригтой эх оронч залуусын нэг яахын аргагүй "Со" бөгөөд тэдний үнэлж баршгүй үнэт гавьяаг монголчууд бид өнө мөнхөд мартах учиргүй. Хэрэв үе үеийн 76-тангууд, дарга сайд, их бага түшмэд бүгд л төрч шударга, төрийн суудал цэх цэвэр байсан бол,улс орон хурдтай хөгжиж, хүн ард маань аль эртнээс адил тэнцүү жаргаж амьдрах байлаа.

"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй" гэх ухаант ардын үг, "Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул" хэмээсэн их эзэн хааны сургамжит үг зэрэг нь, яг л өнөө цагийг урьтан харж хэлсэн мэт. Хаа хамаагүй бэртэгчингүүд бусдын байгуулсан гавьяан дээр дөрөөлж, түүх гуйвуулан төрд шургалан өндөр сэнтийд суун, буруу бузар булай бүхнийг үе дамнан үйлдэж, эрээ цээргүй авирлаж буйг хараад монголчууд "Со" болоод "Со" шиг хүмүүс төр түшилцсэн бол гэж, бодол хөврүүлэн халаглаж суусан нь, суугаа нь, суух нь лавтай. Гэвч аливаад тоон харьцаа, хүчний тэнцвэр чухал тул ноён "Со" 75х1-ээр үзэл бодол үнэн худлын мэтгэлцээн хийж, үнэт цагаа барахыг огтхон ч хүсээгүй биз ээ. Гэсэн ч нэгэн биеийнхээ бус нэг улс гүрний алтан түүхийг бичилцсэн агуу үнэн алдар сууг нь, хэн ч хэзээ ч үгүйсгэн умартах учиргүйг дахин дахин хэлүүштэй.

Эцэст нь учирлахуй, Нэгэнт энэ эрхмийн тухай товч боловч өгүүлсний учир, Монголд Ардчилсан шинэ нийгэм байгуулахад үнэнхүү гар бие оролцон түүчээлсэн, гарамгай үйлстэн, түүхэн улс төрч мөнөөс мөн болохыг нь, цухас болов ч дурдахыг хичээнгүйлэв. Хэн хүн бусдын бодит сайн сайхныг өгүүлэхгүй бол, хувь хүн өөрөө өөрийгөө учирлан ярих гэж хэзээ ч үгүй. Хүний гэгээн сайхныг хуучлан, Их найрагчийн хэлсэнчлэн, "Амьддаа бие биенээ хайрлая! Хүмүүс ээ!"

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон

Нийтэлсэн: Монголын радио-85

Урлаг, улс төрийн тод хүн  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй