Шууд Chart

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2020-10-29 15:41:51

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монголбанкнаас Улсын Их Хуралд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хийж, цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг тогтоолын төсөлд бүрэн тусгаж чадаагүй гэсэн үндэслэлээр Ажлын хэсгээс “Тогтоолын төслийн 2 дахь заалтад “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авах.”” гэсэн шинэ дэд заалт нэмэхээр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувь нь дэмжиж, энэ санал олонхын дэмжлэг аваагүй болно гэдгийг  дурдлаа.   

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих, дотоодын болон экспортын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгох шаардлагатай гэж үзэн “Тогтоолын төслийн 2 дахь заалтад “Уул уурхайгаас бусад салбарын экспортын үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн механизмыг бий болгох.”” гэсэн дэд заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 50 хувь нь дэмжиж, энэ санал олонхын дэмжлэгийг авч чадаагүй болно гэж байлаа. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Л.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Б.Баттөмөр,  Б.Пүрэвдорж, С.Ганбаатар,  Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар   тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө. 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”  тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд  шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжилнэ.


Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй