Шууд Chart

“Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2020-10-30 14:23:32

ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран олон улсын эрдэм шинжилгээний  хурлыг “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурал нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, судалгаа, туршлагаа солилцох зорилготой юм.

Хурлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдрэл судлал, харвалтын төвийн эмч нар болон шилжүүлэн суулгах багийн эмч нар, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай уялдуулан хийсэн өөрсдийн судалгааны ажлаа танилцуулан туршлага солилцлоо.

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун "Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний үеэр олон чухал асуудлууд яригдаж байна. Манай улсад жилд 500 орчим хүн ослоор, цусны даралт ихсэх өвчнөөр 4,000 орчим хүн нас барж байна. Тархины үхэлтэй донор нь найман өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Харамсалтайгаар амь насаа алдаж байгаа эдгээр хүмүүсийн эд эрхтнийг тусламж хэрэгтэй хүмүүст шилжүүлэн суулгавал олон хүний амь насыг аврах боломжтой.

Дэлхийн улс орнуудад тархины үхэлтэй донороос гадна зүрх нь зогссон донорын эрхтнийг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-т бөөр болон элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Манай багуудын үр дүн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийн үйл ажиллагаанаас зарим талаараа илүү байна" гэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй