Шууд Chart

Ж.Азжаргал: Улсын хэмжээнд 1600 гаруй байгууллага “Эцэг эхийн зөвлөл” байгуулсан

2020-10-30 15:30:22

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас 2018 онд батлагдсан Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн талаар асууж тодрууллаа.

-Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичигт ямар агуулгууд орсон талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор салбарт бүрт хэрэгжүүлэх Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг батлагдсан. Хүүхэд хамгааллын бодлогын үндсэн зорилго нь байгууллага, хуулийн этгээд өөрийн ажил үйлчилгээ болон ажилтан  албан  хаагчдаараа дамжуулан гэр  бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд  ээлтэй  орчин бүрдүүлэхэд чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, байгууллага бүр салбарын болон байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогоо тусгасан Хүүхэд хамгааллын бодлого, дүрмээ боловсруулж,  мөрдөх ёстой.

Байгууллагын Хүүхэд хамгааллын  бодлого, дүрмийг нийт ажилтан, албан хаагч, төдийгүй тухайн газраас үйлчилгээ авч буй иргэн, аж ахуй нэгж, байгууллага танилцаж, хүлээн зөвшөөрч мөрдөх ёстой. Жишээ болгоод Хэвлэл мэдээллийн салбарыг авч үзье л дээ. Энэ салбарын хувьд Хүүхэд хамгааллын бодлого, дүрэмдээ нэвтрүүлгийн бодлого нь хүүхэд төвтэй байх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх контент боловсруулж түгээх, мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ хүүхдийг ерөнхийлөн ойлгох, хүүхдийг циркийн үзүүлбэр мэтээр хандахгүй байх, хүүхдийн эмзэг, сул дорой байдлыг олон нийтэд цацахгүй байх, тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон арга барилаар ажиллах гэх мэт нарийн асуудлыг тусгах ёстой.

-Хүүхэд хамгааллын бодлогод зайлшгүй тусгах, оруулах ёстой асуудлууд юу вэ?

-Хүүхэд хамгааллын бодлогодоо эрсдэлийг бууруулах, зөрчлийг мэдээлэх, мэдээлэл хүлээн авах, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагад холбон зуучлах үүргийг тодорхой дурдах хэрэгтэй. Эрсдэлийг бууруулах хэсэгт “байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа нь хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэл байгаа эсэхэд тогтмол үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах, арилгах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллах гэх мэтээр  нарийвчлан тусгана. Тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хүүхдэд ээлтэй байх ёстой. Жүүс үйлдвэрлэгч байгууллагыг авч үзье. Хүүхэд хамгааллын бодлогодоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь стандартын хэм хэмжээг хангасан, хүүхэд түүнийг хэрэглэснээр ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй байх талаар  хүүхэд хамгааллын бодлогодоо тусгаж, чанар стандартаа мөрдөх, хяналт тавих юм. Түүнчлэн үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа хүүхдийг хөлстэй болон хөлсгүй ажиллуулахыг бүрэн хориглосон байх гэх мэтээр нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэй.

-Хамт олны дундаас байгуулагддаг Эцэг эхийн зөвлөл ямар үүрэг хүлээж ажиллах вэ?

-Байгууллага, аж ахуй нэгж хамт олныхоо хурлаар “Эцэг эхийн зөвлөл”-ийг сонгож, томилох ёстой.

Мөн Ажилтан албан хаагчдын гэр бүл, хүүхдийн судалгааг гаргаж, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэхдээ мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, сургалт  авч хамтран ажиллаж болно.

-Сүүлийн үед эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдээ хүчирхийлж, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироосон цөөнгүй тохиолдол гарсан?

-Хүүхдийн өсч торниж байгаа гэр бүлийн орчин хүүхдэд аюултай, хөндлөнгийн үл таних этгээд бус харин эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийлж, хохироож байгаа нь туйлын харамсалтай байна. Манай улс нийгмээрээ хүчирхийллийг жигшин зэвүүцэж, хүн бүр хүчирхийллийг таслан зогсооход оролцож, тууштай тэмцэх шаардлагатай. Ийм ч учраас байгууллага бүр нийгмийн бүхий л орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөж хохирохгүй байхад хувь нэмрээ оруулж, гэр бүл рүү чиглэсэн санал санаачилга гаргаж ажиллах нь зүйтэй

-Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг таниулах сурталчлах тал дээр ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг батлагдсан даруйд зарим төрийн бус байгууллагатай хамтраад үндэсний хэмжээнд төрийн бүх шатны байгууллагад Хүүхэд хамгааллын бодлого дүрмээ хэрхэн боловсруулах, эцэг эхийн зөвлөлөө яаж удирдаж ажиллуулах талаар арга зүйн сургалт зохион байгууллаа. Нийслэл болон 21 аймагт сургагч багш нар бэлтгэсэн. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд маань орон нутгийнхаа төр, хувийн аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

-Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг батлагдсанаас хойш гарсан онцлох жишээ, үр дүнгээс танилцуулаач?

- Өнөөдрийн байдлаар бүх яам, агентлаг, төр, хувийн хэвшлийн 1600 гаруй байгууллага биднээс  арга аргачлал, зөвлөгөө авч, эцэг эхийн зөвлөлөө байгуулан ажиллаж байна. 2018 онд хамгийн анх Гадаадын иргэн, харьяатын газар Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримтыг онцгойлон авч үзэж Эцэг эхийн зөвлөл байгуулсан. Улмаар  байгууллагынхаа дэргэд ажилтан албан хаагчдынхаа болоод байгууллагаар нь үйлчлүүлж буй үйлчлүүлэгч хүүхдэд зориулсан Хүүхэд хөгжлийн өрөөтэй болсон байгаа. Өнгөрсөн онд манай агентлаг албан хаагчдынхаа хүүхдэд зориулсан Хүүхдийн хөгжлийн өрөөг тохижуулж, төгөлдөр хуур, зургийн сургалт явуулж байна. Томоохон аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа болон үйлчлүүлэгч хүүхдүүдэд зориулсан амрах өрөө байгуулж, хүүхдийн хоолны цэстэй болж, тоглоомын орчин ч бүрдүүлчихсэн. Энэ мэт санал санаачилгууд өрнөж байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Азжаргал: Улсын хэмжээнд 1600 гаруй байгууллага “Эцэг эхийн зөвлөл” байгуулсан  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй