Шууд Chart

БНХАУ 2035 он гэхэд орчин цагийн социалист улс болж, эдийн засгийн шинэ шатанд гарна гэж төлөвлөжээ

2020-10-30 16:42:15

БНХАУ 2035 он гэхэд орчин цагийн социалист улс болж, эдийн засгийн шинэ шатанд гарна гэж төлөвлөжээ. Энэ тухай тус улсын Коммунист намын Төв хорооны 5 дугаар чуулганаар хэлэлцсэн Хятадын урт хугацааны зорилго, 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөнд тусгасныг “Глобал Таймс” мэдээлж байна.

Энд бичсэнээр тус улс 2035 он хүртэлх урт хугацааны зорилгодоо, орчин үеийн социалист улс болохоор төлөвлөжээ. Ингэхийн тулд ДНБ-ний нийт хэмжээг өнөөгийн 100 их наяд юаниас 2 дахин нэмэгдүүлэх, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүнийг хөгжсөн орнуудын түвшинд хүргэж, өнөөгийн 10 мянган доллараас мөн 2 дахин өсгөж, эдийн засгийн шинэ шатанд гарна. Энэ зорилт нь Бээжинг жил бүр эдийн засгийн 3.5 хувийн өсөлт гаргахыг шаардана. Гэхдээ энэ нь Хятадын Засгийн газар бүх боломжоо ашигласан тохиолдолд хүрэх үр дүн хэмээсэн байна. Мөн түүнчлэн инноваци, шинэ технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болно гэжээ.

Тэгвэл өмнөх 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөндөө тус улс жилд 6.5 хувийн өсөлт гаргана гэж тогтоож байсан бол, энэ удаа 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөндөө эдийн засгийн зорилт тусгаагүй байна. Харин орчин үеийн социалист улс болох урт хугацааны стратеги зорилтуудынх нь бүрдэл хэсэг болсон засаглалын тогтолцоо, аюулгүй байдал, нийгмийн тэгш байдал-шударга ёс, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, байгаль хамгаалал зэргийг багтаасан гэж байна.

Энд анхаарал хандуулах бас нэг зүйл нь аюулгүй байдлын төлөвлөгөө байна. Үүгээр бол “аюулгүй байдал, хөгжил” гэдэг 2 ойлголтыг бүх талаар хослуулан, үндэсний аюулгүй байдлын хамгаалалтаа улам сайжруулна. Мөн Бээжин ирэх 5 жилийн хугацаанд цэрэг зэвсгийн бодлого, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгож орчин үежүүлэх талаар тусгасан гэж "Глобал Таймс" мэдээлж байна.

Зарим хэвлэлүүдэд, Хятадын Коммунист нам энэ удаагийн зорилтууддаа Си Зиньпин даргын дараагийн залгамжлагчийг дурдаагүй гэсэн байна. Ингэснээр тэрбээр 2022 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч намын дарга хэвээр үлдэж магадгүй гэж тайлбарлажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ 2035 он гэхэд орчин цагийн социалист улс болж, эдийн засгийн шинэ шатанд гарна гэж төлөвлөжээ  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй