Шууд Chart

Орхон аймгийн Засаг даргаар томилуулахаар С.Батжаргалыг нэр дэвшүүллээ

2020-10-30 16:54:15

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих нийт 35 төлөөлөгч бүрэн оролцож хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ удаад МАН-аас 23, АН-аас 12 төлөөлөгч сонгосон.

Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж санал болгох тухай, ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал байлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг аймгийн Сонгуулийн хорооноос танилцуулав. Энэ үеэр орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт 43 гомдол санал гарсан талаар сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.

Хуралдааны дараагийн асуудал нь аймгийн ИТХ-ын даргыг сонгох байв. Олонх болсон МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад Д.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн олонхийн саналаар Дашзэвэгийн Мөнхбатыг ИТХ-ын даргаар сонголоо.

Анхдугаар хуралдааны гурав дахь асуудал нь Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал байлаа. МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Сэмжидийн Батжаргалыг нэр дэвшүүлэв. Харин цөөнхийн суудал авсан АН-аас энэ удаад Засаг даргад нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Ардчилсан намын бүлэг Засаг даргад нэр дэвшүүлэх саналд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцдог дүрэмтэй ажээ. Ийнхүү МАН-ын бүлэг санал хураалтад оролцож Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад томилуулахаар  Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүллээ.

Анхдугаар хуралдааны сүүлчийн асуудал нь тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудал байв. МАН-аас нийт 11 тэргүүлэгч байхаар тогтлоо гэж Орхон аймгийн Мэдээллийн төвөөс мэдээллээ.


Орхон аймгийн Засаг даргаар томилуулахаар С.Батжаргалыг нэр дэвшүүллээ  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй