Шууд Chart

“Фауст”-ын тухай цөөн үг

2020-11-12 15:42:01

Анхааруулга: Спойл агуулсан болно

Тордайн Ганболдын Ерөнхий продюсероор нь ажилласан “Alpha” постдрамын театрын “Фауст” постдрамын жүжгийг үзлээ. “Аз жаргалд томьёо гэж бий юу?” гэсэн асуултаар хөшиг нээгдээд “Жинхэнэ аз жаргал гэдэг бол ямар ч шалтгаангүй, тайлбаргүй бусдыг хайрлах, бусдын сайн сайхны төлөө амьдрах” хэмээх томьёог олж нээснээр хөшиг хаагдав. “Фауст” жүжиг дөрвөн өдөр тоглоход Ерөнхий продюсер Тордайн Ганболд өөрөө нээн үг хэлж, тоглолтын дараа үзэгчидтэй нэг бүрчлэн уулзаж “Жүжиг маань ямар санагдав. Танд таалагдав уу?” гэж асууж байв.
Энэ үйлдэл нь тэр завтай даа эсвэл олны өмнө гарах дуртайдаа бус ерөөс хөшиг нээгдэхийн өмнө үзэгчдээс “Та аз жаргалтай хүн мөн үү. Хүн яавал аз жаргалтай амьдардаг вэ” гэж асуучихаад хөшиг хаагдсаны ард “Би ямар ч шалтгаан, тайлбаргүй бусдыг хайрлаж, бусдын сайн сайхны төлөө амьдарснаар аз жаргалыг мэдэрдэг. Та үүнтэй санал нийлж байна уу?” гэж асууж байгаа мэт санагдлаа.

Монголд постдрамын (орчин үеийн) театр байгуулагдсан нь юутай их аз завшаан бэ. Академик театрын тайз, кино театрын дэлгэцийг хослуулж, холограм технологи нэвтрүүлсэн “Alpha” постдрамын театр уламжлалт театрын сул талыг, дэлгэцийн урлагийн давуу талаар нөхсөнөөр үзэгчийн суудал тайзны нэг эд эс болов. Өөрөөр хэлбэл үзэгч хөшиг нээгдэж, цаг хугацаа “зогсох”-оос хөшиг хаагдаж, цагийн зүү “хөдлөх” хүртэл тайзан дээр гол дүртэй нэгэн ижил ертөнцөд, яг адил цаг хугацаанд амьдарсан юм.

Москвагийн театр урлагийн академи(ГИТИС)-ийн төгсөгч, найруулагч Мягмарнарангийн Батболдын тухайд баргийн хүн нэг уншаад ойлгохооргүй И.В.Гётегийн “Фауст” хэмээх тэр хүнд зохиолыг тархиндаа “чанаж”, боловсруулаад үзэгчдэд хүргэсэн тэр тавилт нэг үгээр хэлэхэд Төгс байж чадлаа. Ганцхан жишээ хэлэхэд найруулагч Мефистофель буюу Чөтгөрийн дүрд жүжигчин Т.Бархүүг тоглуулж, дүрийнх нь сүр хүчийг арвын арван “бичил” Мефистофелиор илэрхийлэв. Төгсгөлд Мефистофель Бурхантай хийсэн мөрийгөө алдахад түүний сүр хүч аажмаар нэг нэгээр алга болж, эзнээ орхин одож байгаа хэсэг урьд өмнө хэзээ ч тайзан дээр харж байгаагүй тавилт, яг л киноны зураглал шиг байв.

Ийм л найруулагчийг урлагаас “харамлаж” хуучнаар ЭМШУИС буюу одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд эмч мэргэжлээр найман жил сургаад эмнэлгийн ханан дунд нуучихдаг Ардын жүжигчин Г.Мягмарнаран үнэхээрийн “харгис” аав юм. Гэвч Гётегийн “сүнс” М.Батболдыг эмчийн өрөөнд цагаан халаадтай, хүзүүндээ чагнуур зүүчихсэн “нуугдаж” байхад нь ч олж таниад театр театртаа бүр орчин үеийн театрын найруулагчаар авчирчээ.

Төгсгөлд хэлэхэд, Аз жаргалын томьёог туршихын тулд, алхам тутамдаа хэрэгжүүлэхийн тулд, хэтрүүлэн хэлвэл “Alpha” постдрамын театрын дараа дараагийн уран бүтээлийг үзэж, орчин үеийн театрын “амт”, “таашаал”-ыг мэдрэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, дархлаагаа дэмжээрэй.

.

 

















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Фауст”-ын тухай цөөн үг  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй