Шууд Chart

А.Билгүүн: Тусгаарлах байрны дүрэм журмыг биелүүлдэггүй хэцүү хүн мэр сэр байсан

2020-11-18 11:46:51

Эрүүл мэндийн сайдын тушаалаар “КОВИД-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан 68 резидент эмч нарт өнгөрсөн сард талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олгосон. Тэдгээр резидент эмч нарын нэг болох

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Би Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг 2010 онд төгссөн. Манай ээж сувилагч мэргэжилтэй. Миний бага нас ээжийгээ дагаж, ажил дээр нь буюу эмнэлэгт өнгөрсөн. Багаасаа л эмч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн гэж хэлж болно. 2011 онд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн их эмчийн ангид элсэж 2017 онд төгссөн. Эхнэр бид хоёр их сургуулийн нэг анги. Ажлын гараагаа Дорнод аймгийн Чойбалсан сумын Эрүүл мэндийн төвд хамт эхлүүлж, эмчлэгч их эмчээр нэг жил гаруй хугацаанд ажилласан. Хамтдаа нарийн мэргэжил эзэмшихээр хотод ирж миний хувьд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхэд судлалын резидент эмчээр суралцаж энэ жил төгссөн.

-Ирэх жилээс эхлэн резидент эмч нарт цалин олгохоор болсон. Нарийн мэргэжлээр суралцаж байгаа резидент эмч нарт санхүүгийн ямар саад бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Тухайн эмч өөрийн ур чадвар, сонирхолдоо тулгуурлан мөн ажиллаж байгаа эмнэлгийнхээ хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөөс хамааран мэргэших нарийн мэргэжлээ сонгож, нийслэлд 2-3 жил суралцдаг. Ингэхдээ АШУҮИС-д болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр дамжин нарийн мэргэжил эзэмшиж байгаа. Төрийн сангаар суралцаж буй резидент эмч нар сар бүр 300 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг.

Мөн захиалагч байгууллага буюу зарим эмнэлэг нарийн мэргэжил эзэмшиж төгсөөд тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллах резидент эмч нартаа суралцах хугацаанд нь 50-100 хувийн цалин олгодог. Харин цалингүй, төрийн сангаар суралцаж буй резидент эмч нар 300 мянган төгрөгийн тэтгэлгээрээ хоол хүнс, байр, автобус унаа зэрэг амьжиргааны зардал, хэрэглээгээ болгож байгаа. Мөн цөөнгүй резидент эмч нар сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг. Төрийн санд хамрагдаагүй нь хувиасаа гаргаж болон ар гэрээ мөнгө авч суралцдаг юм билээ.

-Өнгөрсөн сарын байдлаар “КОВИД-19” цар тахлын үед 68 резидент эмч тэргүүн эгнээнд ажилласан юм билээ. Та болон таны гэр бүлийн хүн хоёр удаа тусгаарлах байранд ажилласан байсан?

-Нарийн мэргэжлээр резидент эмч нарыг сургаж байгаа эмнэлэг болгонд сургалт хариуцсан алба бий. Сургалтын албанаас резидент эмч нартай уулзалт хийж, жирэмсэн болон хоёр хүртэлх насны хүүхэдтэй резидентүүдээс бусад эмчийг тусгаарлах байранд ажиллуулна гэсэн Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулсан. Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 2-ны хугацаанд “Багабаян” цэргийн амралтын газрын тусгаарлах байранд 21 хоног ажиллаж, дараагаар нь 14 хоног гэрийн тусгаарлалтад байсан. Тухайн тусгаарлах байранд ОХУ-д суралцаж байгаад эх орондоо ирсэн оюутнуудыг тусгаарласан юм. Мөн өнгөрсөн зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 15-ныг хүртэл “Holiday Inn” зочид буудлын тусгаарлах байранд эхнэртэйгээ хамт ажилласан. Эхнэр үүний өмнө 5-6 дугаар сард “Dream” зочид буудлын тусгаарлах байранд 21 хоног ажиллаж, гэртээ 14 хоног тусгаарлагдсан.

-Резидент эмч нар тусгаарлах байранд ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Тусгаарлах байранд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад алба хаагчдын чиг үүрэг маш тодорхой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэм, аюулгүй ажиллагааг чанд баримтлах.

Резидент эмч нар иргэд тусгаарлалтад ирэхээс нэг хоногийн өмнө “Багабаян” амралтын газарт очиж, тусгаарлах байр буюу байгууламжтай, тусгаарлах байрны зохион байгуулалт, дүрэм журамтай танилцсан. Тэнд очиход өмнөх буюу хамгийн анхны тусгаарлалтад ажилласан, тусгаарлах байранд ажилласан Онцгой байдал, Цагдаагийн гээд туршлагатай дөрвөн алба хаагч байж, бидэнтэй хамт тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн. Маргааш нь тусгаарлах байранд иргэдийг хүлээн авч нэг нэгээр нь тус тусад нь өрөөнд оруулсан.

Тусгаарлах байранд резидент эмч нар бүрэн хамгаалалтын хувцас өмсөж хоол, цагдаагийн алба хаагчид шалгаад ногоон бүсэд байрлуулсан ирсэн эргэлтийг хүнд нь хүргэх, тусгаарлагдаж буй хүмүүсийн халууныг нь үзэх зэргээр ажиллана. Ингэхдээ өдөрт 09:00, 11:00, 13:00, 15:00, 18:00 цагт гээд таван удаа хоол хүргэдэг. Өдөр бүр хоёр удаа бүх хүний халууныг үзэж, тусгаарлагдаж буй хүмүүсийн бөглөдөг эрүүл мэндийн байдлыг хянах хуудсанд хяналт хийнэ. Мөн тусгаарлах байранд байгаа хүмүүс ходоод гэдэс нь хямрах, толгой нь өвдөх зэрэг зовуурь илэрвэл резидент эмч нарыг утсаар дууддаг. Энэ тохиолдолд хамгаалалтын бүрэн хувцсаа өмсөж үзлэг хийж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн шаардлагатай тусламж үзүүлдэг.

“Багабаян”-д надаас гадна Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хоёр резидент эмч ажилласан. Дээрх бүх ажлыг ээлж ээлжээр хуваарилж авснаас гадна резидент эмч бүр долоо хоногт 2-3 өдөр жижүүрлэдэг байсан.

Резидент эмч нар тусгаарлагдаж буй хүмүүсийн халууныг үзэх, хоол, эргэлт хүргэх, дуудлагаар очиж үзлэг хийх зэрэгт халдвар тархах эрсдэлтэй бүсэд ажиллаж байна гэсэн үг. Тэр бүрт бүрэн хамгаалалтын хувцсаа өмсөж ажиллана. Хувцсаа тайлахад хажууд өөр эмч зөв, буруу тайлж байна уу гэдэгт хяналт тавьдаг байсан.

-Хэрвээ хувцсаа буруу тайлсан, эрсдэл гаргасан тохиолдолд тухайн эмч, хянагч бүгд тусгаарлагдах уу?

-Тийм ээ.

-Тусгаарлах байранд ажиллахад тулгарсан хамгийн том хүндрэл бэрхшээл юу байв?

-Янз бүрийн зан араншинтай, өөр өөрийн гэсэн учир шалтгаантайгаар гадаадын орноос эх орондоо ирж байгаа гээд олон хүн тусгаарлах байранд байсан. Тусгаарлагдаж буй хүмүүс ганцаархнаа нэг өрөөнд олон хоног байхаараа сэтгэлзүйн хувьд маш тогтворгүй болдог юм билээ.

Гадаадаас ирж буй зарим хүн тусгаарлалтад 21 хоног хамрагдсанаар “КОВИД-19” вирусийг дотооддоо алдахгүй байхад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна гэдгийг ухамсарлахаасаа илүүтэй өөрсдийг нь халдвар авсан гэж хардаж тусгаарлаж байна гэсэн хандлага гаргадаг. Ийм хандлага гаргаж, тусгаарлах байрны дүрэм журмыг биелүүлдэггүй хэцүү хүн мэр сэр байсан.

-Тусгаарлагдаж буй хүмүүс сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог гэлээ. Энэ тохиолдолд хэрхэн тайвшруулж байсан бэ?

-Яг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд догшролд орсон, сэтгэл гутралд автсан хүмүүст Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч дуудаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байсан. Мөн яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай, энэ төрлийн зовуурь илэрсэн хүнд мэс заслын эмч дуудаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.

-Тусгаарлах байранд ажиллаж буй резидент эмч нарын байрлах байр, цалин хангамжийн талаар мэдээлэл өгөөч?

-Байрлах байр, хоол тусгаарлалтад байгаа хүмүүстэй яг ижил. Тусгаарлах байранд 21 хоног ажиллаад гар дээрээ 398 мянган төгрөгийн цалин авсан. Өнгөрсөн сард хоёр болон түүнээс дээш удаа тусгаарлах байранд ажилласан 68 резидент эмч нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөн. Ийм урамшуулал олгосонд резидент эмч нар маш их баярлаж байгаа.

-Тусгаарлах байранд анх ажиллахаар болоход ямар мэдрэмж төрсөн бэ. Гэр бүлийнхэндээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид нар Монгол Улсын хүний эмчийн тангараг өргөсөн цагаан нөмрөгтэй албан хаагч нар. Эрсдэлтэй, алдаа мадаг гаргавал өөрийн аминд ч халтай бүсэд ажиллах угаасаа л бидний сонгосон мэргэжлийн үүрэг. Тийм дээ ч анагаахын сургуульд элсэн суралцаж төгссөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан бүр сонгосон мэргэжлийнхээ заавал мэдэх, чадах ёстой ур чадварыг эзэмшихээс гадна иргэдийн, нийгмийн, улс эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж төлөвшсөн байдаг гэж боддог. Гэхдээ “КОВИД-19”-өөс сэргийлэх тусгаарлах байранд ажиллахаар болсноо гэрийнхэндээ хэлэхэд ар гэр маш ихээр санаа зовдог юм билээ. Миний хувьд хамгийн их санаа зовж хүлээж авсан хүн ээж минь байсан. Ээж өөрөө эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, сувилагч хүн болохоор халдварт өвчний аюул занал, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мэдэх учир тусгаарлах байранд ажиллаж буй эмч эрсдэлтэй нөхцөлд ажиллана гэдгийг мэдэж байсан. Тэгээд тусгаарлалтад ажиллахаар болоход сүү өргөөд л үлдсэн.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Билгүүн: Тусгаарлах байрны дүрэм журмыг биелүүлдэггүй хэцүү хүн мэр сэр байсан  
Үзсэн: 3755 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй