Шууд Chart

Цагдаа нар иргэн М-г зодоогүй гэдэг нь камерын бичлэг, гэр бүлийнх нь хүмүүсийн тайлбараар тогтоогдсон гэв

2020-11-20 17:38:36

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагын утсанд энэ сарын 18-ны 03:11 цагт иргэн “Б”-ээс “Манай нөхөр согтуу агсан тавиад байна” гэсэн гомдол дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс гэрт нь очиж шалгахад 1980 онд төрсөн иргэн Д овогтой М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нүд нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан байдалтай байсныг эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна.

Иргэн М нь эрүүлжүүлэх байранд байх хугацаандаа “хэвлий хэсгээр өвдөж байна” гэж эрүүлжүүлэх байрны эмчид хэлсэн. Улмаар түүнийг түргэний эмч үзэж ГССҮТ-д хүргэн хэвлийн хөндийн мэс засал хийсэн бөгөөд одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа. Эмчийн хэлснээр биеийн байдал хэвийн. Иргэн М гэмтсэн хэргийг болон энэ хэрэгтэй холбоотойгоор цахим орчинд ташаа мэдээлэл тараасан асуудалд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн” гэв.

Ташрамд дуулгахад, Цагдаагийн байгууллагаас анх М-ын гэрт дуудлагаар очиход түүний эхнэр, хүүхэд байсан бөгөөд болсон үйл явдал, автомашинаар эрүүлжүүлэх байр хүргэсэн цаг мөч цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт, мөн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн зэрэг бүх үйл явдал камерын бичлэгт баримттай үлджээ. Эдгээр камерын бичлэг болон М-ын гэр бүлийн гишүүдийн тайлбараар иргэн М-г цагдаагийн алба хаагчид зодоогүй болох нь тогтоогдож байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагдаа нар иргэн М-г зодоогүй гэдэг нь камерын бичлэг, гэр бүлийнх нь хүмүүсийн тайлбараар тогтоогдсон гэв  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй