Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден эдийн засгаа боомилох бодлого хэрэгжүүлэхгүй

2020-11-21 09:29:42

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены коронавирустэй холбоотой мэдээлэл авах, холбогдох албаныхантай ярилцах боломжийг хязгаарласаар байгаа хэдий ч Байден төрийн эрх мэдэл шилжүүлэн авах төлөвлөгөөгөө ахиулсаар байна. Тэрбээр улс орон даяар эрчимтэй нэмэгдэж байгаа "ковид-19" цар тахлын дэгдэлтийг хязгаарлах асуудлаар мужийн захирагч нартай цахим уулзалт хийжээ.

Цахим уулзалтад АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис болон Байдены коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн гишүүд оролцсон байна.

Жозеф Байден мужийн захирагч нар улс төрийн аль намын гишүүн байхаас үл хамааран цар тахалтай холбогдолтой бүх мэдээллээ хуваалцаж байх нь зүйтэй гэж мэдэгдсэн байна. Байден мужийн захирагч нартай цахим уулзалт хийснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийнх нь цар тахалтай тэмцэх төлөвлөгөө вирусыг устгахад чиглэж байгаагаас бус ард иргэдийн амьжиргаа руу чиглээгүйг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, Байдены засаг захиргаа тангарагаа өргөснийхөө дараа АНУ-ын эдийн засгийг хаахгүй. Муж улс бүр өөр өөрийн онцлогтой учраас аль ч муж улсад хөл хорио тогтоож, эдийн засгийг боомилохгүй гэсэн амлалт өгч байна.

Мөн тэрээр "Талархлын баяр"-ын үеэр Сангийн сайдад хэнийг нэр дэвшүүлж байгаагаа зарлана гэж мэдэгджээ. Харин Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой асуултад Жозеф Байден "Трамп Ерөнхийлөгчийн сүүлийн үед хэлж, хэрэгжүүлж байгаа алхмууд туйлын хариуцлагагүй бөгөөд ардчилалд хор учруулж байна" гэж тодорхойлсон байна.

Дональд Трампын сонгуулийн штаб сонгуулийн санал хураалт маргаантай болсон үндэслэлээр хэд хэдэн мужийн шүүхэд гомдол гаргасан. Зарим мужийн шүүх Трампын сонгуулийн штабын гомдлыг буцаасаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Пеннсилванийн дээд шүүх мэдүүлсэн гомдлыг хүлээж аваагүй байна.

АНУ цар тахлын хамгийн олон халдварт тохиолдол бүртгэгдсэн орон болсон. Тус улсад коронавирусний халдварт 12 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 250 гаруй мянган хүн нас барсан байна. Иймд тус улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв энэ сарын сүүлээр болох "Талархлын баяр"-ын үеэр аялахгүй байхыг ард иргэддээ уриалж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден эдийн засгаа боомилох бодлого хэрэгжүүлэхгүй   
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй