Шууд Chart

G20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа

2020-11-24 14:27:35

Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай, аж үйлдвэржсэн 20 орны бүлэг ээлжит дээд хэмжээний уулзалтаа цахимаар зохион байгууллаа. Саудын Араб улс даргалан зохион байгуулсан цахим дээд хэмжээний уулзалтаар Их 20-ийн бүлэг доогуур орлоготой улс орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгахаар тохиролцлоо.

Энэ оны сүүлээр дуусах байсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021оны 6 дугаар сар хүртэл сунгасан байна. Их 20-ийн бүлэг "COVID-19" цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг хямралтай тулгарч болзошгүй байгааг анхааруулж, цаашид эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлэхээр хамтарсан тунхаглал гаргасан байна. Мөн тус бүлгийн хамтарсан тунхаглалд дэлхийн хөгжиж байгаа улс орнуудыг дэмжих тухай тусгасан байна.

Дэлхийн хэмжээнд цар тахалтай дасан зохицох эдийн засгийн бодлого явуулж, зарим улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн хэмжээнд эдийн засаг сэргэх болоогүй байна, тодорхойгүй энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хямраах эрсдэл дагуулж байгааг Их 20-ийн бүлэг хүлээн зөвшөөрчээ. Иймд Их 20-ийн бүлгийн улс орнууд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд бодлогын боломжит бүх хувилбарыг ашиглах зорилтоо илэрхийллээ.

Мөн цаашид доогуур орлоготой орнуудад тусламжийн зээл олголтыг өргөжүүлэх нь дэлхийн эдийн засгийг хямралаас сэргийлэхэд дэмжлэг болно гэдэг дээр Их 20-ийн бүлэг санал нэгдлээ. Их 20-ийн бүлэг дэлхийн эдийн засгийг сэргээхэд одоогийн байдлаар 11 их наяд доллар гаргасан байна. Их 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь коронавирусний вакциныг улс орнуудад тэгш хуваарилах асуудал байсан. Дэлхийн хэмжээнд гарсан коронавирусний вакциныг баяр орнууд түрүүлж авах, хомсдол үүсгэх эрсдэлээс зайлсхийж, вакциныг тэгш хуваарилахын тулд Их 20-ийн бүлгийн орнууд 21 тэрбум долларын хөрөнгө оруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

G20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй