Шууд Chart

Даатгалын өдөр өнөөдөр тохиож байна

2020-11-25 10:38:59

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын 2.48-д заасан даатгалын салбарын тэмдэглэлт өдөр буюу “Даатгалын өдөр” өнөөдөр тохиож байна. 

Өнөөдөр даатгалын салбарт 16 даатгалын компани, 54 даатгалын зуучлагч, 26 даатгалын хохирол үнэлэгч болон 2500 орчим даатгалын төлөөлөгч тус тус үйл ажиллагаа эрхлэн явуулж, жилд дунджаар нэг сая орчим даатгуулагчийн 90 гаруй их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эрсдэлийг дотоод болон гадаадын зах зээлд тархаан байршуулж, 60 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, улс орны санхүү, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол нь жилээс жилд өсөн нэмэгдэх болсон салбарын нэг юм. 

Сүүлийн нэг жилийн хугацаанд салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний тусламжтайгаар 20 гаруй мянган иргэн, байгууллага зам тээврийн ослын улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлээр орон сууцтай болсон 30 гаруй мянган иргэн санхүүгийн эрсдэлээ даатгуулж, даатгалын 4 хувьцаат компанийн 2 нь Хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтлаа.

Коронавируст (Covid-19) цар тахал дэлхий дахинд тархаж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс нэг талаас даатгуулагчдынхаа эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас даатгалын байгууллагын төлбөрийн чадвартай, байнгын жигд, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж даатгалын бүртгэл зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, хялбарчлах болон цахим даатгал, даатгуулагчдын эрх ашиг, компанийн засаглалыг сайжруулах зорилгоор олон улсын стандартад нийцүүлэн Даатгалын багц дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан бол даатгалын компаниудаас нийгмийн хариуцлага, өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан Ковид-19 вирусын халдварын эрсдэлтэй холбогдох даатгалын хэд хэдэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед даатгалын байгууллагууд цахим горимоор үйл ажиллагаагаа явуулж даатгуулагч иргэд, аж ахуй нэгжийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаад Хорооны зүгээс талархлаа илэрхийлье. 

Даатгалын зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон мянган даатгуулагч иргэд байгууллага, даатгалын салбарын үе үеийн ажиллагсад, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, холбоодууд Та бүхэндээ Монгол Улсад арилжааны даатгалын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Иргэд даатгуулагч Та бүхэн хөл хорионы дэглэмийг чанд сахин, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН


Даатгалын өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй