Шууд Chart

"Голын чоно" гэгдэх тул загасны тухай

2020-11-25 11:54:58

Цэнгэг усны хамгийн дээд эрэмбийн махчин, гол мөрний экосистемд зонхилох үүрэгтэй, биологийн төрөл зүйлийн нэгээхэн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд ердийн тул загас нь эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн. 1989-1996 онуудад Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг Хогоргын аманд анх удаа хээрийн нөхцөлд ердийн тул загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааны үед 2.5 см урттай жараахай өөрийн ах дүүсийг, 141 см урттай ердийн тул 92 см урттай тулбагаа (каннаболизм) идсэн, түүний зоогонд мэлхий, хулгана, усны шувуу, харх ч хүртэл багтах учир түүнийг "Голын чоно" хэмээн нэрлэдэг. 

Түүний өвөг нь тэнгист амьдарч цэнгэг ус руу алс холын  нүүдэл хийдэг байсан бол Монгол орны ердийн тул загасны үржлийн, идээших шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор Монгол-Америкийн эрдэмтэд 2004 оноос Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Эг-Үүрийн сав газарт, Монгол-Германы судлаачид 2013-2014 онд Хэнтий аймгийн Онон голд радио болон авианы дохиолол суулган судалж үзэхэд дунджаар хавартаа 9.0-17.4 км, зундаа 6.0-9.1 км, намартаа 4.7-9.1 км, өвөлдөө 0.2-0.4 км болж байгааг судалгааны үр дүнгээр баталсан. Үүнээс Монгол орны ердийн тул загас нь гэр амьтай “байран загас” болохыг тогтоосон. Уургаар барихад хамгийн их тэвчээр авхаалж, ур чадвар шаарддаг, цэнгэг усны Хулдынхны овгоос хамгийн том, биеийн урт нь 2.1 м, жин нь 105 кг хүрэх спорт загасчлалын үнэт загас болох ердийн тул загасны нөөц өдгөө Монгол орны томоохон нуур, голуудад л үлдээд байгаа бөгөөд  флай фишинг (flyfishning) буюу ялаат загасчлалаар бариад буцаан тавьж таашаал авах гэсэн жуулчин-загасчдын тоо жилээс жилд нэмэгдэн манай орныг зорьсоор байна.

Иймээс бүс нутгийн зэрэглэлээр “устаж болзошгүй” ангилалд багтсан ердийн тул загасны нөөцийг хамгаалах үүднээс Хэнтий аймгийн Онон голд загас агнуурын бүс нутгийг тогтоон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн хамгааллын менежментийн төлөвлөгөөг боловсруулан ДБХС-ийн МХГ, аймгийн БОАЖГ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мониторинг судалгааны хүрээнд ердийн тул загасны тархац, байршил, популяцийн талаарх мэдээллийн санг менежмент хариуцагч болон төрийн захиргаанаас зөвшөөрөл авсан тур компаниудаас авч бүрдүүлдэг механизмыг бий болгох,  Тbar буюу уян тэмдэглэгээг зүүн дахин барилтын аргаар түүний тоо толгойг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон гаргахыг зорьж байна.


                         Зураг 1. Ердийн тул загасны мониторинг судалгаа

Хөв, цөөрөм

Бороо, цас, шар усны үерийн усны зарим хэсгийг хуримтлуулах инженерийн хийцтэй харьцангуй жижиг байгууламжийг хөв, цөөрөм гэнэ. Хөв, цөөрмийг хэд хэдэн зорилгоор байгуулаж болох бөгөөд манай улсад бэлчээр усжуулалт буюу малын ус хангамжийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, зэрлэг ан амьтадыг усаар хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр ашиглаж байна.


                                  Зураг-1. Говь-Алтай Бигэр Их хөв.

              Зураг-2. Өмнөговь Булган сум, Булган булгийн цөөрөм.

Монгол оронд ус хуримтлуулан, усан цайз, цөөрөм байгуулан уран барилгын бүрдэл болгон ашиглаж байсан баримт 1600-аад оноос эхтэй нь Хархорин, Мандчир худагтын хийдийн тууринд хийсэн судалгаанаас тодорхой харагдаж байна. 1990-ээд оноос өмнө жижиг гол дээр инженерийн хийцтэй услалтын системийг усны хүрэлцээг нь нэмэгдүүлэх зорилгоор тохируулга хийж ус хуримтлуулах, шороон боомт, цөөрөм байгуулж байсан нь одоо манай малчдын зуслангийн газарт нь малын усан хангамжийг шийдэж байна.

                               Зураг-3. Бичил цөөрөм, Шарын ам.


                                    Зураг-4. Бичил цөөрөм.

Сүүлийн үед албан баримтуудад “Бороо цасны ус тогтоох хөв, цөөрөм олноор байгуулах” тухай ярьж бичиж, зураг төсөл зохиож усгүй уулын аманд хуурай газар хөв барих зураг хийж байгаа нь эдийн засгийн хувьд ч эрсдэл ихтэй үр дүн багатай ажил болж байгаад анхаарах хэрэгтэй. Харин байгалийн доройтлыг нөхөн сэргээх, байгуулмал баян бүрд байгуулах, мал аж ахуйн усан хангамжийн нөхцлийг сайжруулахад цасны шар ус, хур борооны ус, бага урсацтай гол горхи, булгийн усыг хуримтлуулах замаар цөөрөм барих нь экологийн хувьд ч эдийн засгийн хувьд ч тохиромжтой юм.

Эх сурвалж: ШУА


"Голын чоно" гэгдэх тул загасны тухай   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй