Шууд Chart

Монгол, Сингапурын хамтарсан шуудангийн маркны нээлтийн арга хэмжээ болов

2020-11-25 15:33:23

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр улсын найрсаг, дотно  дипломат харилцааны илрэл бүхий энэхүү ойг тохиолдуулан “Монгол Шуудан” ХК, “СингПост” ХК нар хамтарч тал тус бүрийн чамин тансаг, давтагдашгүй урлагийн бүтээлийг дүрсжүүлсэн хамтарсан шуудангийн маркийг энэ өдөр танилцуулав.

Энэхүү тэмдэглүүштэй ёслол төгөлдөр арга хэмжээг тохиолдуулан Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас шуудангийн маркний нээлтийн цахим ёслолын арга хэмжээнд зохион байгуулжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Нг Тек Хеан нар энэхүү цахим ёслолын арга хэмжээний хүндэт зочноор тус тус оролцов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Сингапур дахь Дипломат Корпусын тэргүүн Т.Лхагвадорж Монгол, Сингапур хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  түүхэн 50 жилийн ойд тусгайлан зориулж гаргасан шуудангийн маркийг ёслол хүндэтгэлтэйгээр танилцуулав. Нээлтийн арга хэмжээний үеэр Элчин сайд, “Энэхүү хамтарсан шуудангийн марканд тусгагдсан хатгамлууд нь манай хоёр орны баялаг соёл болон гайхалтай гар урлалыг дүрслэн харуулахаас гадна гүн утга санаа агуулж буй. Бидний ирээдүй энэхүү бүтээлүүдийн бэлгэдэл мэт урт удаан аз жаргал, хөгжил дэвшил, хайр, баяр жаргалаар дүүрэн байна гэдэгт би итгэлтэй байна.” хэмээн онцлов.

Шуудангийн марк нь хоёр улсын хатгамал урлагийн давтагдашгүй онцлог соёлыг дүрсжүүлсэн юм. Монголын талын шуудангийн марканд “Өлзий” хээтэй аяганы уутны хэсгийг дүрсэлжээ. “Өлзий” хээ нь эзэндээ өргөн дэлгэр эрдэм, мэдлэг, баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслах, аз жаргал, ээл ивээл, хязгааргүй өлзий хутаг, буян хишиг тэгш дүүрэн дэлгэрэх, хэмжээлшгүй амар амгалангийн бэлгэдэл буюу хамгийн дээд бэлгэдлийг агуулдаг учир Энх жаргалангийн хээ хэмээн нэрлэдэг. Харин Сингапурын талын шуудангийн маркны дүрслэлийн хувьд перанакан үндэстний хуримын ёслолын үеэр сүйт залуусын баярын зоогийн ширээг чимэглэдэг шилэн хэлхээсэн гоёлтой “чун ток” хэмээн нэрлэдэг ширээний бүтээлэгний хатгамалыг дүрсэлсэн юм.


Монгол, Сингапурын хамтарсан шуудангийн маркны нээлтийн арга хэмжээ болов  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй