Шууд Chart

Денис Виеру допингийн асуудалд холбогдлоо

2020-11-26 09:59:01

Францын “Lesprit du Judo” сайтын мэдээлж буйгаар Молдав Улсын жүдоч Денис Виеру допингийн асуудалд холбогджээ.

Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл 2019 оны зунаас хойш үзүүлсэн бүх амжилтыг нь цуцлах юм байна.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг жингийн шилдгүүдийн нэг Денис Виеруг допингтой холбогдсон хэмээн Францын хэвлэлд дурджээ. Хэдхэн хоногийн өмнө Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Молдав эр өнгөрсөн жил олон тэмцээнд амжилттай барилдсан билээ.

Тухайлбал өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Парисын Их Дуулгад түрүүлж, дөрөвдүгээр сард Антальягийн гранприд алт, тавдугаар сард Бакугийн Их Дуулгад тэргүүлсэн. Түүнчлэн наймдугаар сард сард Японы Токиод болсон ДАШТ-д манай тамирчин ОУХМ Ё.Басхүүг ялж, хүрэл медаль хүртэж байжээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ одоогоор допингийн асуудлыг нягтлан шалгаж байгаа юм. Хэрэв допинг хэрэглэсэн нь тогтоож буруутай эсэх нь нотлогдвол өнгөрсөн жил үзүүлсэн бүх амжилтууд, тэр дундаа Япон улсад зохион байгуулагдсан дэлхийн аваргын хүрэл, Загребын гранпригийн мөнгөн медаль зэрэг амжилтуудыг нь хүчингүйд тооцно гэж мэдээлжээ.

Денис Виеру дэлхийн аваргын хүрэл медалийг нь хураавал ОУХМ Ё.Басхүүд шилжиж магадгүй болоод байна. Гэхдээ одоогоор албан ёсны шийдвэр гараагүй юм.

Түүнчлэн Загребын гранприд мөнгөн медаль хүртэхдээ манай улсын тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялж байв.

Молдав жүдоч 2019 онд нийт 45 барилдаан хийж үүнээс 37 нь ялалт байгуулсан жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг жингийн дэлхийн шилдэг тамирчдын нэг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Денис Виеру допингийн асуудалд холбогдлоо  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй