Шууд Chart

Улс тунхагласны баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан гурав дахиа цуцлагдлаа

2020-11-26 11:16:09

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.

Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон.

Иймд УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын есөн гишүүн Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөрт" болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж батлав.

Ингээд уг хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Улс тунхагласны баярын хүрээнд үндэсний бөхийн уламжлалт барилдааныг жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ.

Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэхүү барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бол 2009 онд “N1H1” вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоосон юм. Тэгвэл энэ жил мөн л “Ковид-19” цар тахлын улмаас гурав дахиа цуцлагдаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улс тунхагласны баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан гурав дахиа цуцлагдлаа  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй