Шууд Chart

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ

2020-11-26 11:31:49

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.


МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын ард иргэд, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа!

Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид аа!

Та бүхэндээ туурга тусгаар Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ Монгол орны өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд хуран цуглаж, БНМАУ-ын Анхдугаар Их Хурлаа хийж, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулиа 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан түүхтэй билээ.

Анхдугаар Үндсэн хуулиндаа үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн олон ололт, амжилтыг батжуулсан төдийгүй Монголын газар шороо, байгалийн баялаг, ой мод, ан амьтан зэрэг нь ард түмний өмч хэмээн зарлаж, түүнчлэн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байхыг хуульчилсан Ази тивийн анхны орон болж байлаа.

Хүннү их гүрнээс улбаалсан Их эзэн Чингис хааны Морьт цэрэг, Жанжин Д.Сүхбаатарын удирдсан Журамт цэрэг, үе үеийн нэрт жанждаар удирдуулсан Хувьсгалт цэрэг, өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг, дайчид маань түүхэн цаг хугацаандаа улс орон, ард түмнээ батлан хамгаалах хариуцлагатай үүргээ үнэнчээр биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох, даян дэлхийд энх тайвныг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулж, ямагт тэргүүн эгнээнд явж ирсэн.

Бид бүхэн хүн төрөлхтний өмнө тулгарсан томоохон хүнд сорилтуудын нэгтэй нүүр тулж, даван гарахаар улс даяараа хамтран тэмцэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орны нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, бусад байгууллагууд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг авч, дор бүрнээ чармайн ажиллаж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн энэхүү хүнд хэцүү цагт хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, нэгэн санаа, зорилго дор энэхүү аюулыг сэргийлэн давж, ямар ч үүргийг биелүүлэхэд бэлэн байна.

Ингээд Та бүхэндээ анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүрэн эрхт улсаа тунхагласан баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй