Шууд Chart

Б.Дөлгөөн: Хадгаламжийн хүүг тэглэлээ гээд зээлийн хүү шууд 0 болохгүй

2020-11-26 14:31:23

Хадгаламжийн хүүг бууруулах асуудлын эргэн тойронд

УИХ-н гишүүд хадгаламжийн хүүг тэглэе гэсэн санал санаачлага гаргаж байна. Аливаа санал санаачилгыг шууд шүүмжлэхийн оронд үүний цаана ямар хүсэл сонирхол байгаа, үүнд зөв замаар, олонд хүртээлтэй, сөрөг нөлөө багатай яаж хүрч болох талаар тал талдаа харилцан ярилцаж, ойлголтуудаа сайжруулж явах нь зөв гэж боддог билээ. Энэ асуудал дээр олон нийт анхаарлаа төвлөрүүлж байгаа цаг дор уг хэлэлцүүлгийг илүү өдөөж, гишүүд болон иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс суурь үндэслэлтэй хэдэн асуулт, мөн хариулт энд буулгахыг зорилоо.

УИХ-н зарим нэг гишүүдийн маань хадгаламжийн хүүг тэглэх зорилго юу байв?

УИХ-н гишүүдийн яриаг ухраан үзэж сонирхсоны үндсэн дээр тэдний хадгаламжийн хүүг багасгах яриа нь зээл авсан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй зээлийн дарамтыг багасгах зорилготой гэж ойлголоо. Тэгвэл математикч Жон Нашхэлдэгээр, аливаа математикийн бодлогийг олон аргаар бодож болдог шиг, энэхүү үр дүнд хүрэхийн тулд хэд хэдэн аргаар хүрч болох юм. Гол нь эдгээр хүрч буй арга бүр тус тусын эерэг нөлөө үзүүлэхийн адил, тус тусдаа бас сөрөг нөлөөтэй.  

Тэдний ярьж байгаа шиг хадгаламжийн хүүг тэглэлээ гээд зээлийн хүү шууд 0 болохгүй. Яагаад гэвэл зээлийн хүүгийн 60 хувь нь эх үүсвэрийн буюу “хадгаламжийн” хүү болон түүнтэй адилтгах зардал (гадаадаас бонд босгож оруулж ирсэн зардал бас орно), харин 40 хувь нь банкны үйл ажиллагаа, ашигт ажиллагаа, чанаргүй зээлийн зардал зэрэг бүрдүүлдэг. Харин сөрөг нөлөө асар өндөр тул хадгаламжийн хүүг буулгахаас илүү, өөр аргаар энэхүү дарамтыг бууруулах нь хамгийн зөв шийдэл болов уу хэмээн бодлоо.

Хадгаламжийн хүү 0 болвол ААН, бизнес болон иргэдэд ашигтай юу?

Өнөөдрийн нөхцөлд захиргааны аргаар хадгаламжийн хүүг 0 болголоо гэхэд оролцогч бүх талуудад ашиггүй гэж хэлж болно. Хадгаламжийн хүүг 0 болгосноор хадгаламж эзэмшигчид банк-нд байршуулсан мөнгөө гаргаж, илүү өндөр ашиг өгөх зүйл рүү оруулна. Банкууд эх үүсвэрээр дутаж, яваандаа хүндэрч, улсаараа банкны хямралд орох магадлалтай. Нөгөөтэйгүүр хадгаламжийн хүүг 0 болголоо гээд банкууд зээлийн хүүг 0 болгоно гэдэг шийдвэр бас гарахгүй. За яахав дахиад захиргааны аргаар үүнийг хийе гэж бодвол зах зээл дээр банк байх шаардлага байгүй болж, улмаар манай улсын санхүүгийн зах зээлийн 90 хувийг бүрдүүлдэг банкны салбар нуран унах болно. Банк гэдэг бол хадгаламж эзэмшигч, зээлдэгч хоёрын дунд “үр ашигтай жуулчлал” (efficient intermediation ) хийдэг байгууллага юм. Үүнгүйгээр зах зээл улам үр ашиггүй болох болно.

Хэрвээ та өнөөдөр аль нэг банкаас зээл авчихсан, тэгээд хадгаламжийн хүүг 0 болгосноор зээлийн хүүг 0 болгож мэднэ гэж хүлээж байгаа бол уучлаарай, та андуурч байна гэж хэлмээр байна. Учир нь хэрэв хадгаламжийн хүү 0 болох юм бол, та ирээдүйд зээл авдаг банк тань байхгүй болж, хаанаас ямар стандартын зээл авах нь тодорхойгүй болж, улмаар зээлтэй зээлгүй хэн байв ч зээл авч чадахгүй байх тийм нөхцөлд орж мэднэ. Гэхдээ УИХ-н гишүүд маань тийм ч шийдвэр гаргахаар түвшний хүмүүс биш гэдэг найдаж байгаа учир, ийм зүйл болохгүй болов уу гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ л Монгол Улсад байгаа банкны зээлийн хүү өндөр байгаа биз дээ?

Баян ядуу гэдэг нь харьцангуй ойлголт юм гэдэг шиг, өндөр бага гэдэг нь мөн харьцангуй ойлголт билээ. Энд хамгийн гол нь юутай харьцуулахад өндөр вэ гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Нэгдүгээрт бусад дэлхийн улстай харьцуулж үзье. Дэлхийн Банкны дата сангаас бусад улсын зээлийн хүүг авч, мөн эдгээр улсын нэг хүнд ногдох орлогоор нь харьцуулж үзэхэд дундаж орлоготой орон ундаа харьцангуй өндөр буюу нэг хүнд ногдох ДНБ-р 3000-5000 ам.доллар орчим байгаа улс дундаа өндөр байна. Харин бүхэлд нь харж үзэхэд дундаж гэж хэлж болохоор түвшинд байгаа (График харна уу.).

Өнөөдрийн энэ зээлийн хүүний түвшинг цаашид буулгаж болохгүй гэсэн үг биш бөгөөд яаж буулгах вэ гэдэг хамгийн чухал зүйл юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг буулгах шаардлагатай, харин яаж буулгахаас хамаараад манай эдийн засаг хэр тогтвортой байх, мөн дунд урт хугацаандаа илүү хурдтай хөгжиж чадах эсэх нь хамаарах билээ.

Одоо тэгээд банкны зээлийн хүүг яаж буулгах юм бэ?

Эдийн засагт богино хугацаа, урт хугацаанд гэж дандаа ярьдаг. Бодлогуудаа ч тэгж тодорхойлдог. Богино хугацаанд өнөөдөр зээлтэй байгаа аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн дарамтыг тэгээд яаж бууруулж болох  гэвэл шууд Засгийн газрын зүгээс зээлийн дарамтыг хуваалцах хөтөлбөр хэрэгжүүлж болно.

Жишээлбэл: Коронавируст тодорхой түвшнээс илүүтэй өртсөн, зээлтэй аж ахуйн нэгж иргэд хэмээн нарийн тодорхойлолтыг гаргаад эдгээр иргэдийн зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөлөх хөтөлбөр зарлаж, үүгээр дамжуулан эдгээр аж ахуйн нэгж, иргэдээ дэмжиж болно. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар зээлийн дарамтад буй, хамгийн эрсдэлтэй байгаа ажлын байрыг хадгалж үлдэнэ. Энэ аргаар ажлын байр авч үлдвэл эдийн засагтаа соёлын төв, хөшөө барьж байснаас илүү өгөөжтэй энд сануулах нь илүүц биз.

Харин дунд хугацаандаа макро эрсдэлийг бууруулах, гадаад өрийг бууруулах, мөн банк санхүүгийн байгууллагад тулгардаг асуудлууд болох чанаргүй зээлийн барьцааг суллахад гарах зардлыг бууруулах, шийдвэр гүйцэтгэлийг хүндрэл чирэгдэлгүй болгох мөн банк санхүүгийн салбар дахь менежментийг сайжруулах зэрэг замаар зээлийн хүүг бууруулна. Энэ чиглэлд стратеги гаргасан билээ.

Эцэст нь хадгаламжийн хүүг ч тэр, зээлийн хүүг ч тэр зах зээл дээр эрэлт нийлүүлэлт тогтоодог. Үнэхээр зээлийн хүүг бууруулая гэж байгаа бол нийлүүлэлтийг нэмэх замаар энэхүү хадгаламжийн хүүг ч тэр, зээлийн хүүг ч тэр илүүтэй буулгаж болно. Ингэж нэмэгдүүлэхэд дараах ерөнхий бэрхшээлүүд тулгарч байж болох юм. Үүнд:

  • Зээл өгч буй байгууллагын эрхийг хамгаалах асуудал (шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх)
  • Жуулчлалын зардал өндөр, үр ашиг муу банкны систем
  • Баталгаа, барьцаа хангалтгүй байгаа явдал
  • Өндөр эх үүсвэрийн зардал (инфляцтай холбоотой, цаашлаад энэ нь эх үүсвэрийн зардлыг нэмдэг)
  • Зах зээл дээрх тодорхойгүй байдал нэмэгдэж буй явдал, эрсдэл хүлээх чадвар багатай зээлдүүлэгчдийг мохоож байж болох
  • Мөн зах зээл дээр зээлдүүлэгч мэдээлэл багатай, зээлдэгчээс илүү бага мэдээлэлтэй байх нь нөлөөлнө.

Эдгээр зах зээлийн доголдол (market failure)-г арилгах аваас төрөөс тусгайлан хөтөлбөрүүд шаардлагагүй, хяналтаа тавиад явж байхад зах зээл аяндаа хөгжинө хэмээн итгэж байна.

Эдийн засагч Б.Дөлгөөн

 


Б.Дөлгөөн: Хадгаламжийн хүүг тэглэлээ гээд зээлийн хүү шууд 0 болохгүй  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй