Шууд Chart

Диего Марадона 60 насандаа таалал төгсчээ

2020-11-26 14:27:17

Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч асан Диего Марадона 60 насандаа таалал төгсчээ.

Аргентины “TN” телевизээр мэдээлснээр, тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 30-нд үзлэг шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэгдэхдээ тархины мэс засал хийлгэн энэ сарын 12-нд эмнэлгээс гарсан байна.

Гэвч зүрхний шигдээс болсон байж магадгүй гэж “Perfil” сонинд бичжээ.

Диего Армандо Марадона 1960 оны аравдугаар сарын 30-нд Буэнос-Айрес хотын Виллья Фиорито дүүрэгт төржээ. Гурван настайгаа хөл бөмбөг бэлгэнд авч, бүх цаг заваа үүнд зориулжээ. Арван настайдаа "Архентинос Хуниорс" хөл бөмбөгийн клубийн идэрчүүдийн секци болох "Лос Себольитас" хүүхдийн багт элсэж, 16 нас хүрээгүй байхдаа анхны тоглолтоо хийжээ. 1977 онд Диего шигшээ багт тоглож эхэлсэн байна.

1981 онд Марадонаг Аргентины “Бока Хуниорс” баг 3.6 сая ам.доллароор худалдаж авсан. 1982 оны ДАШТ-ий дараа тэрээр "Барселона" клубтэй (Испани) анхны гадаад гэрээгээ байгуулсан байна.

Шилжүүлгийн хэмжээ 1.2 сая песет (8 сая ам.доллар) байсан нь тухайн үеийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй нь болж байв. "Барселона"-д байх хугацаандаа хөлбөмбөгчин 73 тоглолт хийж, 45 гоол оруулжээ. Марадона "Барселона” багийн бүрэлдэхүүнд Испанийн цом, Испанийн Лигийн цомыг хүртсэн юм.

1984 онд Марадона Италийн "Наполи" клубэд шилжсэн байна. Италид (1984-1991) тэрбээр хөл бөмбөгийн карьерынхаа хамгийн сайн жилүүдийг өнгөрөөжээ. 1991 онд хөлбөмбөгчин 15 сар эрхээ хасуулсан. Сэргээшийн шинжилгээгээр түүний цуснаас кокаины ул мөр илэрсэн юм.

Спортын карьерынхаа сүүлийн жилүүдэд (1995-1997) Аргентины "Бока Хуниорс" клубэд тоглож, 29 тоглолт хийж, 7 гоол оруулжээ. Түүний сүүлчийн тоглолтын албан ёсны огноог 1997 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр буюу Диего “Ривер Плейт” багийн эсрэг талбайд гарснаар тооцдог. 10 дугаар сарын 30-нд 37 насныхаа төрсөн өдөр Марадона зодог тайлж байгаагаа зарласан билээ.

Зодог тайлсныхаа дараа Марадона спортын тайлбарлагчаар ажиллаж байв. 2008-2010 онд Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Диего Марадона 60 насандаа таалал төгсчээ  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй