Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр мэндчилгээ илгээжээ

2020-11-26 14:59:05

Монгол улс Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 96 жилийн ойн баярын өдөр өнөөдөр бөлгөө. Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ нь 1925 онд туурга тусгаар Монгол улсыг хүлээн зөвшөөрч, 1956 онд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/ байгуулагдан, улмаар 1962 онд ОУОХ-нд бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.

Монгол улсын баг тамирчид "Токио-1964" зуны XV олимпийн наадамд анх удаа оролцон, таван тивд "MONGOLIA" хэмээн цуурайтуулан зарлуулж, алтан соёмбот төрийн далбаагаа олимпийн тэнгэрт намируулан мандуулж, Чингисийн удмын тэнгэр заяат монголчууд нээлтийн ёслолд албан ёсоор оролцсон бахдам түүхтэй.

Түүнээс хойш Монгол улсын баг тамирчид өвөл, зуны 27 удаагийн олимпийн наадамд амжилттай оролцож, Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасаар буй.

Ялангуяа спортод хайртай ард түмний өнийн хүслэн болсон олимпийн аварга цолыг 44 жилийн дараа "Бээжин-2008" олимпийн наадмаас хоёронтаа хүртэж, тусгаар тогтносон Монгол улсын төрийн дуулал олимпийн тэнгэрт эгшиглэн, дэлхий даяар давалгаалан цуурайтсаныг түүх мартаагүй.

Эх орныхоо нэрийн хуудас нь болсон эгэлгүй гавъяат тамирчид маань тив, дэлхийн дэвжээнээс амжилт ялалтын арвин ургац хураан, олимпийн тавцнаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, ард түмнийхээ магнайг тэнийлгэн, агуу их цадиг түүхт улсаа алтан дэлхийд алдаршуулсныг бахархаад ханашгүй.

Эрхэм хүндэт тамирчид, дасгалжуулагчид, Спорт-Олимпизмийн салбарын бүх ажилтан, албан хаагч, зүтгэлтнүүдэд Улс тунхагласны 96 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хурднаас хурдан үйлс нь бүтэж, өндрөөс өндөр амжилтад хүрч, хүчтэнээс хүчтэй итгэл зүтгэлээр жигүүрлэх ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье!

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр мэндчилгээ илгээжээ   
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй