Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын экс зөвлөхдөө өршөөл үзүүллээ

2020-11-26 17:38:28

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярыг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флиннд өршөөл үзүүлсэн байна. Майкл Флинн нь АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхтэй холбоотой асуудлаар Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгагдаж байсан юм.

Трамп ерөнхийлөгч “генерал Майкл Флиннд өршөөл үзүүлж байгаагаа мэдэгдэхэд таатай байна, Майкл Флинн болон түүний гэр бүлд баяр хүргэе, Талархлын баяраа гэр бүлээрээ сайхан тэмдэглээрэй гэж” лхагва гарагт өөрийн твиттер хуудсаараа мэдэгджээ. Мөн Цагаан Ордноос гаргасан мэдэгдэлд “ерөнхийлөгч Трамп Флиннд өршөөл үзүүлэх тухай зарлигт лхагва гарагт гарын үсэг зурсан. Флинн нь 2016 оны сонгуулийн үр дүнг будлиантуулах оролдлого хийсэн засгийн газрын хуучин албан тушаалтнуудын хохирогч болсон. Түүний хэрэгт хууль зүйн яамнаас хийсэн хөндлөнгийн шалгалт үүнийг нотолж байна. Иймд хууль зүйн яам түүний эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн дүгнэлт гаргасан” гэдгийг дурдсан байна.

Флиннийг Трамп АНУ-ын ерөнхийлөгч болохоос өмнө ОХУ-аас АНУ-д сууж байсан элчин сайдтай холбоо сүлбээтэй байсан тухайгаа Холбооны мөрдөх товчоонд мэдүүлээгүй, нуусан гэсэн үндэслэлээр 2017 онд хэрэгт татжээ. Майкл Флинн холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлснээ хүлээсэн ч энэ оны 1-р сард буруугаа хүлээсэн мэдүүлгээсээ буцсан байна. Ингээд энэ оны 5-р сард Америкийн хууль зүйн яам Флинний эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсчээ.

Гэвч холбооны тойргийн шүүх хуульзүйн яамны Флинний хэргийг хаах хүсэлтийг хэрэгсээгүй байна. Майкл Флинний хувьд Цагаан ордоны үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдоод 22хоногийн дараа албан тушаалаасаа огцорч, АНУ-ын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх болсон юм. Трампыг ОХУ-тай холбоо сүлбээтэй ажиллаж, сонгуульд ялсан гэх асуудлыг хөнддөг Ардчилсан намын зарим гишүүд Майкл Флиннд өршөөл үзүүлсэн явдалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын экс зөвлөхдөө өршөөл үзүүллээ  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй