Шууд Chart

БНХАУ Австралийн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байна гэв

2020-11-27 09:45:26

БНХАУ-ын засгийн газар дипломат маргааны улмаас энэ оны 10 дугаар сарын эхээр Австралиас нүүрс импортлохыг тодорхойгүй хугацаагаар хориглосон  юм. Гэвч Бээжин Австралийн нүүрсийг хорьсон шалтгаанаа өнөөдрийг хүртэл албан ёсоор тайлбарлаагүй. Харин лхагва гарагт Хятадын засгийн газар энэ талаар хөндсөн байна.

Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч сүүлийн жилүүдэд Хятадын гаалийн алба импортоор орж ирж байгаа нүүрсэнд аюулгүй байдал, чанарын үнэлгээ хийдэг болсон. Үүний үр дүнд зарим импортын нүүрс байгаль орчны стандартад нийцэхгүй байгааг тогтоосон гэж мэдэгджээ. Хэдийгээр Хятадын засгийн газар улсын нэр цохоогүй ч энэ нь Австралийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байгааг илтгэсэн хэрэг гэж Австралийн АВС болон бусад олон улсын эдийн засгийн голлох хэвлэлүүдэд мэдээлжээ.

Хятад улс Австралийн нүүрсийг 10 дугаар сарын эхэн үеэс эхлэн хилээр оруулахгүй байгаагаас Хятадын хоёр боомтод 700сая америк долларын өртөг бүхий 7 сая тонн нүүрс гацсан байдалтай байна. Хятадын хилээр Австралийн нүүрс оруулахыг зогсоосноос хойш Хятад улсын Монгол Улс болон ОХУ-аас авдаг нүүрсний импорт нь нэмэгдсэн байна. Нүүрс нь Австралийн Хятадын зах зээлд гаргадаг гол бүтээгдэхүүнүүдийн нэг.

Австралийн нийт экспортын гуравны нэгийг Хятадын зах зээл эзэлдэг. Гэвч Хятадын талын хоригт орсон Австралийн экспортын долоон гол бүтээгдэхүүний нэг нь нүүрс байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Австралийн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байна гэв  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй