Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хороо цахим гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

2020-11-27 10:00:51

Манай улс дотооддоо “Covid-19” цар тахлын вирусийг алдаж, 2020 оны 12 дугаар сарын 1-нийг хүртэл улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Иймээс иргэд Та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Цар тахлын энэ нөхцөл байдлын үед Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудынхаа үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор SmartOffice системийг ашиглаж цахим гарын үсэгт суурилсан албан бичгийн солилцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д Хороо нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Системд нэгдсэнээр зохицуулалтын санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг цахимжуулах боломж бүрдсэн. Тодруулбал, Хороо болон зохицуулалттай байгууллагуудын ажил, үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ойртох, нээлттэй болгох, иргэдийн санхүүгийн хүртээмж нэмэгдэх боломж бий болсон. Ялангуяа, финтек үйлчилгээнүүдийг бойжуулах зориулалттай Сэндбокс орчныг хөгжүүлэх үйлчилгээ илүү хүртээмжтэй болж байна. Иймээс энэ ажлын хүрээнд Хороо SmartOffice системийг ашиглаж цахим гарын үсэг бүхий албан бичгийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, илгээж эхэллээ.

Тоон гарын үсэг нь цахим орчинд саадгүй, найдвартай таньж нэвтрүүлэх, баталгаажуулах зорилготой. Гарын үсгийг ашигласнаар цахим үйлчилгээ, төлбөр тооцоо, худалдааны системд аюулгүй хандах, цахим хэлцэл, гүйлгээ хийх, дамжуулж буй өгөгдөл, мэдээллийн нууцлалыг бүрэн хангадаг. Цаашилбал хадгаламжийн, зээлийн, барьцааны гэрээ болон бусад холбогдолтой гэрээг цахим гарын үсэгт суурилж гүйцэтгэх, үнэт цаасны зах зээл, арилжааг цахимжуулах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Иймд зохицуулалтын байгууллагууд зөвшөөрлийн цахим системд ашигладаг цахим гарын үсгээ SmartOffice системд ашиглах боломжтой бөгөөд систем ашиглах зааварчилгааг https://www.smartoffice.mn/ вэб хаягаас авч болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Санхүүгийн зохицуулах хороо цахим гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй