Шууд Chart

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

2020-11-27 18:16:16

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.27) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ үеэр илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 2021 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан учраас төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг батлах нь зохимжгүй юм. Иймээс тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авах, мөн төсвийн зардлыг хэмнэх, бууруулах, орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдсон заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Бямбацогт нарын горимын саналаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал хураалгахад цахим хуралдаанд оролцсон 64 гишүүний 42 нь буюу 65.6 хувь нь дэмжив. Иймээс 2021 оны улсын төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж хэлэлцэхээр боллоо.


Тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй