Шууд Chart

Байгаль эхийн гайхамшигт бүтээл Потанины мөсөн гол

2020-12-01 08:53:00

Бид энэ удаад эрхэм уншигч та бүхэнд зориулан байгаль эхийн гайхамшигт бүтээл болсон нэгэн мөсөн голын талаар товчхон мэдээллийг бэлтгэлээ.

Мөсөн гол гэж юу вэ. Энэ нь нь өндөр уулын бүсэд хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл юм. Мөсөн гол нь уулархаг, налуу газарт олон жилийн турш мөс, цас хуримтлагдан, мөнх цас нягтаршсанаас болж бий болдог бөгөөд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байдаг аж. 

Өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330 км² буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршиж байна гэсэн эрдэмтдийн тооцоо байдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаа юм. 

Мөсөн голыг байршлаар нь мөнх цаст уулын бүсэд орших уулын мөсөн гол, Антарктид, Гренландыг хучсан мөсөн бүрхүүл буюу эх газрын мөсөн гол хэмээн хоёр ангилдаг.

Бид энэ удаад энэхүү гайхамшигт байгалийн бүтээлүүдээс Потанины мөсөн голыг жишээ болгон авъя. Монгол Улсын нутаг дэвсгэрт Алтайн нуруу зэрэг өндөр өргөгдсөн уулсын системд мөсөн голууд бий. Тэдгээрийн нэг нь Потанины мөсөн гол юм. Энэ мөсөн голыг 19 дүгээр зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедиц зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэжээ.

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт Потаниний мөсөн гол юм. Мөсөн голын урт нь 10.4 км, талбай нь 24.3 км². Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагддаг.

Судлаачдын тодорхойлсноор Потанины мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодорхойлсон байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаагийн нэг Потанины мөсөн гол болж байна. Потаниний мөсөн голын хайлах үйл явц нь 20 зууны эхээр эхэлсэн бөгөөд мөстлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд дороос дээшлэх тутам багасаж 378-242 см болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан монголын болон гаднын судлаач эрдэмтэд монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусна гэж тооцоолсон байдаг.

Жич: Зарим тоо баримтыг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн цахим хуудсаас авлаа.


Байгаль эхийн гайхамшигт бүтээл Потанины мөсөн гол  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй