Шууд Chart

Тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл олгох зааврыг баталлаа

2020-12-01 09:27:40

Улсын онцгой комиссын 2020.11.29-ний өдрийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа. 

Улсын онцгой комиссоос баталсан хязгаарлалтад үл хамаарах 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ онцгой комиссын Шуурхай штабд хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх юм. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна. Дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа  Нийслэлийн Онцгой комиссод хүргүүлэх юм.  

Улмаар Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлэхээр уг зааварт тусгажээ. Харин дүүргүүдийн онцгой комиссоос олгосон байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгох юм. Байгууллага, албан хаагч системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудасны covid-19 зөвшөөрөл хэсэгт хандаж авна. Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзах юм. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгөх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ


Тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл олгох зааврыг баталлаа  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй