Шууд Chart

Дагмид Мээрэнгийн цоохор хонгор

2020-12-01 09:36:31

Монголын хурдан морины нэрт шинжээч, зураач Аюушийн Батболд нэгэнтээ “Мээрэнгийн цоохор бол Монголын умардын бүжигчин” гэж хэлсэн байдаг нь аргагүй оносон тодорхойлолт болно.

XX зууны дэлхийн шилдэг үржлийн азарга Умардын бүжигчинг олон адуу сонирхогчид мэднэ. Дагмид мээрэнгийн цоохор хонгорыг яагаад ийнхүү түүнтэй адилтган нэрлэсэн нь дараах товч тайлбараас илүү ойлгогдох биз ээ.

Англичууд 1790-ээд оноос хойш адуугаа 230-аад жил тасралтгүй угшлыг нь бүртгэсээр ирсэнтэй адил Монголчуудын хувьд адууныхаа угшлыг тодорхой бүртгэсэн баримт харамсалтай нь байхгүй боловч 1900-аад оноос хойш зарим зартай хурдан адууны угшил түүх дурсамжаар тэмдэглэгдэн болон ам дамжин яригдсаар ирсэн байдаг.

Одоо үе хүртэл олон үе дамжин адууных нь удам тасралтгүй үргэлжилсээр хурдалсаар байгаа ХХ зуунд тодрон гарсан хоёр гарамгай адуу үржүүлэгч байгаа нь яах аргагүй Баадуу Дорж, Дагмид мээрэн юм. Дагмид мээрэнгийн цоохор хонгор бол Монголын хурдан адууны удамд гүн ул мөрөө үлдээсэн цуутай азарга аргагүй мөн байжээ. Түүний удмаас салаалсан зөвхөн гурван гол цусны шугамыг товч тайлбарлая.

Цоохор хонгорын төл

  1. Өвгөний Батбуянгийн Их зэгэл. 1925 онд төрсөн. Энэ азаргыг Батбуян гуай 1926-1927 оны орчим Дагмид мээрэнгээс үрээ байхад нь авсан бололтой. Их зэгэл 1931,1933 онд улсын баяр наадамд хоёр хоёр түрүүлж, мөн хоёр айрагдсан цуутай азарга байв. Түүний төл бага зэгэл нь улсын баяр наадамд 1934,1936 түрүүлж, хязааландаа айрагдсан байдаг. Мөн их зэгэлийн төл Батбуян гуайн хонгор азарга 1936 онд улсын наадамд соёолондоо айргийн тавд хурдалсан юм.

Их зэгэлийн төл шорон хуруу Хайнзангийн их морь улсын баяр наадамд 1938 онд түрүүлэв. Батбуян гуайн их зэгэлийн төл хөх цавьдар азарга 1936,1938 онд улсын наадамд мөн хоёр удаа айрагджээ. Энэ азарганаас ХХ зууны Монголын шилдэг гурван их морины нэг Сэрээнямын Банзрагчийн сартай зээрд төрөв. Уг морь улсын наадамд найм уралдахдаа гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, гурав  айрагдсан билээ. Хөх цавьдарын төл гүүнээс төрсөн Бүүвэйн Банзрагчийн толбот бор азарга 1971,1973 онд улсад хоёр аман хүзүүдсэнээс гадна түүний удмын олон хурдан адуу төрж одоо ч хурдалсаар байна. Хөх цавьдарын төлийн төл Мөнхийн Данзаннямын аварга хээр морь улсад нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдав. Хөх Цавьдарын төл тэмээн хээр гэгч азарганы төлийн төл хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүүгийн цолмон халтар азарга “Их хурд” уралдаанд түрүүлсэн зэрэг олон хурдан азарга, сайн гүү төрж, үр удмууд нь одоо ч хурдалсаар байна.

Дараагийн Цоохор хонгорын төл бас нэгэн цуут азарга

  1. Ван ноён Доржцэрэнгийн Хулан хонгор. Энэ азарга 1926 онд улсад азаргандаа түрүүлсэн. Түүний төлөөс Дагмид мээрэнгийн шил зээрд азарга 1935-1936 онд шүдлэн, хязааландаа улсад дараалан түрүүлэв. Шил зээрдийн төл Донойн Цэвэгмидийн саарал азарга 30 жилийн ойгоор улсад азаргандаа түрүүлэв, Энэ саарлын төл алдарт бөгөн хул азарга 1953 онд хавчиг азарга түрүүлсэн боловч будилсан гэдгээр дахин уралдахад гуравт давхиж, нийт 1951,1953,1956 онд гурвантаа айрагдсан бөгөөд маш төлөрхөг азарга байжээ. Бөгөн хулын төл Ангасай Банзрагчийн саарал улсын наадамд 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор мөн түрүүлсэн. Энэ азарганы төл бороохой Готовын саарлын маш олон төл төвийн аймагт тархаж, улсад олон адуу айрагдсан Бөгөн хулын төл Бяраа улаан азарганаас өндөр Гансүхийн бор азарга гарч энэ азарганы удам олон бор голдуу хурдан адуу Дорнод аймагт төрж хурд тарьсан гэх мэтчилэн Дагмид адууны том төлөөлөл Бөгөн адууны удмаас зөвхөн азарга гэхэд олон зуун азарга Монгол даяар салбарласан байна.

Шил зээрдийн төл маанагийн Баясгалангийн хул алаг, түүний төл Балдайн Санжаагийн халзан азарганаас улсын наадамд гурав түрүүлж, гурав аман хүзүүдсэн З.Даваанэрэн начингийн халзан азарга төрлөө. Энэ азарганы удмаас О.Маарын хээр, Ц.Хэнмэдэхийн хар, Доогийн халзан, Дархан түмэн эх Ц.Ганбаатарын халзан /улсын наадамд гурав түрүүлсэн/, Бөмбөг халзан, 1973 онд улсад түрүүлж 1976 онд айрагдсан нударга Жадамбын хүрэн, 1968 онд улсад түрүүлж, 1967 онд аман хүзүүдсэн Александрын хүрэн азарга зэрэг олон азарга төрсний дотор Даваанэрэн начингийн халзангийн шууд төл Баянцогтын Цэнддоржийн их хүрэн бол 1968 онд улсад гурав,1969 онд түрүүлсэн ба түүний төл Цэнддоржийн бага хүрэн нь 1971-1973 онд гурван жил дараалан шүдлэн хязаалан соёолондоо улсад айрагдсанаас гадна 1989 онд энэ бага хүрэнгийн төл гүүнээс гарсан Гаанжуурын Сундуйн хоёр их морь улсад зэрэг айрагдав. Цэнддоржийн бага хүрэн азарганаас Баянцогтын Норов Цагдаагийн хээгч гүү гарч энэ гүүнээс тод манлай уяач Одгэрэлийн дүү Одонбаатарын хул гүү төрөв. Энэ гүүнээс тайж халтар азарганы эзэн Пүрэвдоржийн Цэвэгмидийн хонгор халзан гүү гарч, түүнээс өнгөрсөн 2019 оны Ламын Гэгээний түрүү Цэвэгмидийн бага хүрэн азарга төрсөн байдаг.  

Хулан хонгорын бас нэгэн зартай төл нь Норов хүрэн азарга. Норов хүрэнгээс Хүртийн Дамдингийн хүрэн азарга гарч түүнээс ангасай Банзрагчийн улсад даага түрүүлсэн Баяр мөн Магнай нэртэй азарга төрсөн. Норов хүрний төл Хөх Базарын хүрэнгээс гүний Гомбосүрэнгийн их хүрэн гарч түүний төл хавтгай магнайт цагаан гүүнээс Оорой Энхээгийн зээрд гарч энэ азарганы олон төл Хэнтий аймагт хурдалсаар байгаагийн дотор зээрдийн төл Доновоогийн бага бэлэвсэн зээрд азарганы төл Жаргалсайханы зээрд халзан гүү, түүний төл улсад түрүүлсэн Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь гарсан байх жишээтэй

Цоохор хонгорын гурав дахь том цусны шугам нь

  1. Баян Совдын цоохор хонгор. Совдын цоохор хонгорын төл Совдын шөвгөр хонгор 1936 онд Хан Хэнтий аймагт /Сүхбаатар аймагтай нэг байхад/ аман хүзүүдсэн Совдын цоохор хонгорын төл зурхайч Халтарын Чойндонгийн хүрэн азарга, түүний төл хүү Ундрахын бага хүрэн азарга түүний төл Бураа Пүрэвжавын бэлэвсэн хүрэн, түүний төл нь 2008 оны улсын наадамд азаргандаа аман хүзүүдэж, 2007 онд улсын наадам, “Их хурд”-д тус бүр гуравт давхиж байсан цуут азарга Бураа Пүрэвжав гуайн унаган Ганбатын босоо дэлт хүрэн юм. Совдын цоохор хонгорын хамгийн цуутай төл бол Рэгзэнгийн цоохор хонгор бөгөөд энэ азарганы удмыг бичхэд урт цуваа хөвөрнө. Мөнххаан, Түвшинширээ,Уулбаян сумын олон адуу энэ адууны цустай. Рэгзэнгийн цоохор хонгорын удмын Наваанчултэмийн халзан азарганаас Шинэтулгын халзан гүү төрж түүнээс төрийн наадамд гурван жил тасралтгүй түрүүлсэн улс халзан азарга гарсан юм. Мөн Рэгзэнгийн цоохор хонгорын ач Баадуу Доржийн дэлдэн хүрэн азарга, түүний ач нь Бураа Пүрэвжавын хар голт халиун Мөнххаан сумын 70 жилээр азаргандаа түрүүлсэн. Халиуны төлийн төл Бураа Пүрэвжавын Бүнчингийн саарал азарга мөн сумын 90 жилээр түрүүлсэн бол халиуны төлийн төл Бураа Пүрэвжавын Батхүрэлийн саарал азарганы төл Бүнчингийн хул азарганаас 2020 оны улсын наадамд хязааландаа айргийн тавд давхисан үрээ төрсөн гэх мэтчилэн энэ удмын олон мянган адуу зүүн Монголын тал нутагт бий.

Дагмид мээрэнгийн цоохор хонгороос дээрхи гурван шугам үүсгэгч азарганаас гадна мэдээж бидэнд мэдэгдээгүй олон хурдан адуу төрж цааш салаалсан байгаа. Цоохор хонгорын бас нэгэн шууд төл 1929 онд Дагмид мээрэнгийн хонгор соёолон азарга улсад түрүүлсэн бөгөөд энэ азарганы төл мөн 1935 онд улсын наадамд даагандаа гурвалсан.

Дагмид мээрэнгийн цоохор хонгор гэгч цуутай азарганы үр удмынх нь түүхээс өчүүхэн хэсгийг дурдахад л ийм байна. Олон зуун жилээр өвгөдийн үржүүлэн бий болгож бидний үеийг хүрч ирсэн хурдны удамт Монгол адуугаа ийнхүү угшлыг нь бүртгэн хадгалж цаашид сайжруулан үржүүлсээр байх нь бидний үеийн адуу үржүүлэгчдийн хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага билээ.

Монгол адуугаа эрлийзжүүлэн цэвэр Монгол адууны уралдааныг зарим хүмүүс үгүйсгэн буй энэ цагт нэгийг устгаж нөгөөг хөгжүүлэх бус Монгол хүнийхээ хувьд хурдны угшилтай Монгол адуугаа хэвээр хадгалж үлдээх язгуур эрх ашигаа голлон анхаарч эрлийзжүүлэх ажлаа зохистой харьцаанд барьж хийвэл адууны уралдаан үржил илүү хурдацтай хөгжих боломж бий.

http://www.ugshil.mn/horse/detail/400 Энэхүү хаягаар орон үр төлийн мод гэсэн цэснээс уншиг та түүний үр удмын адууны бүртгэлийг харах боломжтой. Дэлгэцэн дээр түүний төлүүд төлийн төлүүд дараагийн гурав дахь үеийн төл харагдана. Гурав дахь үедээ гарч ирж буй сонирхсон адууныхаа нэрийг дараад цааш зарим адууг одоо байгаа адуунуудад хөөж үзэх боломжтой.

А.Батболд

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дагмид Мээрэнгийн цоохор хонгор  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй