Шууд Chart

Т.Батсайхан: Сайхан цаг ирэхээр хүссэн тоглолтоо хийж, үзэгчидтэйгээ уулзана аа

2020-12-01 13:29:43

Говь сайхан нутгаа уянга дүүргэн дуулдаг дуучин бол Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Төмөрийн Батсайхан. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Үүнээс хойш анх удаа ярилцлага өгөв.

-Юуны өмнө танд төрдөө үнэлүүлж, гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяр хүргэе. Баярын уур амьсгал одоо болтол тасраагүй байлгүй ...

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын хамт олон болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сайхан нэр хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна.

-Таны төрсөн сумын дуучдаас хэддэх гавьяат төрж байна вэ. Мөн хамгийн их баярласан хүн бол ээж тань байх шиг байсан ...

-Тэгэлгүй яах вэ, ээж маань маш их баярласан. Тухайн өдрөөс хэд хонийг өмнө би ээжтэйгээ нутагтаа ажлаар явж байсан юм. Шагнал гардуулахаас хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газраас хүн утсаар над руу ярьж, мэдэгдсэн л дээ. Төрийн ордноос гарч ирэхэд найз нөхөд, хамт олон, уран бүтээлчид маань ч сэтгэл дүүрэн угтаж, сайхан хүлээж авсан. Манай сумаас гавьяат жүжигчин цол хүртсэн дуучин байхгүй байх аа. Би анхдагч нь болсон болов уу. Харин өөр төрлөөр олон гавьяат төрж байсан. Гэхдээ манай аймгаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Батсүрэн, УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Бэх-Очир гуай байна. Д.Бэх-Очир гуай надад багшилж байсан хүн. Түүнчлэн Ч.Энхтайван, А.Сайнбаяр нараас гадна манай театрын даргаар ажиллаж байсан Л.Хишигбаяр, одоо ид театртаа ажиллаж, хөдөлмөрлөж байгаа Б.Цэрэн-Очир нар байна. цэргийн дуу бүжгийн чуулгын батсүрэн

-Одоо гавьяат гэдэг "нэрэндээ" хэр дасч байна вэ. Найзууд, ах дүү нар тань ихэвчлэн тэгж дуудаж эхэлсэн байх ...

-Эхэндээ эвгүй санагддаг байсан ч хүн болгоно “Гавьяат аа” гээд дуудаад байхаар өөрийн эрхгүй дасдаг юм байна. Энэ шагнал надад маш их хариуцлага хүлээлгэлээ. Тиймээс би уран бүтээлдээ эргэн орж, сайхан бүтээлээр сонсогчиддоо бэлэг барина аа.

-Та нийтийн дуу сэргэж байх үед хөдөлмөрлөж эхэлсэн уран бүтээлч. Гэхдээ зарим хүн та нарыг цаг үеэ олж гарч ирсэн гэдэг бол зарим нь цаг үеийг бий болгож, өөрсдийн хөдөлмөрөөрөө бүтээсэн гэх. Таны хувьд аль нь вэ?

-Тухайн үед намайг дуучин болоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, төрийн соёрхолт Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Г.Батбаяр, Ц.Түвшинтөгс нар юм. Тэднээс би үлгэр дууриалал авч, тэдэн шиг сайхан дуучин болох юмсан гэсэн хүслээр жигүүрлэж байлаа. Үүнээс гадна гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, дуучин Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Чинболор, Б.Энхмэнд нарын зэрэг залуучуудтайгаа нэгэн үе болж гарч ирсэндээ баяртай байдаг. Тэр дундаа дуэт дууг үзэгч, сонсогчид маань сонсохдоо маш их дуртай байсан. Тэр ч утгаараа дуучин Г.Эрдэнэтунгалагатай хамтарч уран бүтээлээ хийж эхэлсэн дээ.

-Дуэт дуучид олноор төрж байсан нь сонсогч, үзэгчдэд шинэ зүйл мэт харагддаг байсан. Тухайн үед та бүхэн хамтран “зүтгэгчдээ” хэрхэн сонгож, бүтээлээ эхлүүлж байсан байсан бэ?

-Г.Эрдэнэтунгалаг маань надад анх санал тавьж, бид хамтран уран бүтээл туурвисан. Бидний хамгийн анхны уран бүтээл соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа, яруу найрагч Л.Гаваасүрэн ахын шүлэг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг багшийн аялгуу “Ханьсахын жаргал” дуу юм. Г.Эрдэнэтунгалаг “Манай аав шүлгийг нь, ээж аяыг нь бичсэн юм” гээд надтай уулзаж байлаа. Ингээд бид хоёр Д.Цэцэрлэг багшийн өрөөнд дуугаа анх сонссон түүхтэй.   

-Хэдэн онд бүтсэн дуу билээ. Г.Эрдэнэтунгалаг санал тавиагүй байсан бол та ганцаарчилсан бүтээл хийх төлөвлөгөөтэй байсан уу эсвэл өөр эмэгтэй дуучинтай хамтрах байв уу?

-2002 онд хийгдсэн дуу. Бичлэгээс гараад нэг их удаагүй байхдаа олны сонорт сайхан хүрч, хүмүүсийн аманд аялагддаг болсон. Хэрвээ Г.Эрдэнэтунгалаг надад санал тавиагүй байсан бол би ганцаараа уран бүтээл хийх байсан байх. Магадгүй сонгодог урлаг руу илүү анхаарах байсан болов уу. Учир нь би тэр үед нийтийн дуунаас илүү мэргэжлийн урлагт орох төлөвлөгөөтэй байсан юм.

-Одоо бодоход нийтийн дууг сонгосондоо алдаагүйг гавьяат цол тань нотолж байх шиг байна. Гэхдээ сонгодог урлагаар дагнасан бол өнөөдөр ямар амжилт үзүүлэх байсан бол ...

-Энэ төрөл бол манай сонсогчдын хүсэн хүлээсэн жанр. “Ханьсахын жаргал” дуу гараад нэг их удаагүй байхад би БНХАУ-ын нийслэл Бээжин хотын урлагийн их сургуульд мэргэжлийн урлагийн шалгалт өгч тэнцэж байсан юм. Гэвч би нийтийн дуугаа эхлүүлсэн байсан болохоор үл зөвшөөрч, Монголдоо уран бүтээлээ үргэлжлүүлэхээр болсон.  

- "Хэрвээ би сонгодог урлагаар дагнасан бол" гэж боддог уу. Хүн бяраа мэддэг гэдэг шүү дээ. Ямар амжилтад хүрч чадах байсан бол. Олон улсын театрууд ч нээлттэй байх боломжтой шүү дээ ...

-Тенор хоолойтой хүмүүсийн хоолой их эмзэг байдаг. Үүнийгээ дагаад ховор. Энэ төрлөөр дагнасан бол дотооддоо олон сайхан дүр бүтээсэн байна байх. Түүнчлэн олон улсын театруудын үүд хаалга ч нээлттэй байх нь мэдээж. Тэгээд ч манай СУИС-ийн багш нар маш мундаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Г.Хайдав гуай нараас эхлээд манай багш гавьяат жүжигчин, дэд профессор О.Ичинхорлоо, М.Найдалмаа нараасаа их зүйл сурсан. О.Ичинхорлоо гэдэг хүн бол миний мэргэжлийн багш маань байгаа юм. Зөвхөн би гэлтгүй үе үеийн төгсөгчид өнөөдөр мундаг уран бүтээлчид болоод явж байна.  

-Оюутан байхдаа “Хөхөө Намжил” дуурийн гол дүрийг бүтээсэн байдаг. Ер нь мэргэжлийн урлагийн юу нь илүү таныг татдаг байсан юм бэ?

-Намайг гуравдугаар курст байхад Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын 30 жилийн ой тохиосон юм. Ардын жүжигчин А.Дашпэлжээ багш маань надад дээрх дүрд тоглох санал тавьсны дагуу оролцож байсан. Тухайн үед А.Дашпэлжээ багш манай ангид уран чадварын хичээл ордог байв. Тэр бол миний анхны гол дүр. Үүнээс гадна гадаадын цөөн тооны томоохон дуурьд дүр бүтээж байсан. Нийтийн дууны төрлөөр дагнаад эхэлсэн байсан болохоор сонгодог урлагаа үргэлжлүүлэх боломж хараахан байгаагүй. Мэргэжлийн урлагийн надад таалагддаг зүйл бол дуучин бүр хоолойнхоо чадал чансааг гаргах, тухайн дүрээ бүтээх буюу тайзны урлагийг эзэмших нь үнэхээр сайхан санагддаг. Мөн томоохон оркесторт, мэргэжлийн олон уран бүтээлчтэй хамтрах нь маш гоё.   

-2015 онд та “Миний сонгодог” нэртэй тоглолт хийсэн. Тухайн үед нийтийн дуучин хүнийг ийм нэртэй тоглолт хийхэд үзэгчид гайхаж байсан. Харин таны хувьд тэр тоглолтоороо дамжуулж мэргэжлийн урлагтаа сэтгэлтэй байсан хүслээ гүйцэлдүүлсэн үү ...

-Нийтийн дуугаар дагнасан ч сонгодог урлагт элэгтэй байсан болохоор би өөртөө “Хэзээ нэгэн цагт сонгодог урлагийн тоглолт хийнэ дээ” гэсэн мөрөөдөлтэй байсан. Үүнийгээ тэр жил биелүүлж, анхных байсан болоод ч тэр үү сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Тэгээд ч нийтийн дуу дуулдаг хүн сонгодог бүтээлээр тоглолт хийнэ гэхэд хүмүүс гайхаж хүлээж авсан. Тийнхүү үзсэнийхээ дараа баярын олон үг хэлж байсан шүү.

-2015 оны дээрх тоглолтоос хойш та уран бүтээлээ орхих шиг болсон. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Бизнест хөл тавив уу гэж сонсогчид тань "хардаж" байсан ...

-Ганц нэг дуу бичүүлж, клипжүүлснийг эс тооцвол сүйдтэй уран бүтээл хийгээгүй ээ. Харин одоо олон сайхан шинэ дуу бүтээхээр ажиллаж байна. Мөн нийтийн болон сонгодог дууны цомог гаргана. Дараа нь олон түмэнтэйгээ “Миний сонгодог-2” нэртэй сайхан сонгодог бүтээлийн тоглолтоороо уулзалдана даа. Өмнөх тоглолтдоо би дотоодын хөгжмийн зохиолчдынхоо бүтээлээс нэг их дуулаагүй. Харин энэ удаагийнхдаа Монголынхоо суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс илүү ихийг сонгохоор төлөвлөж байна. Энэ цаг үед “Ковид-19” цар тахал дэгдээд байгаа болохоор зөвхөн өөрөөс шалтгаалах зүйлсээ л хийж байна. Сайхан цаг ирэхээр хүссэн тоглолтоо хийнэ ээ. Харин бизнесийн талд нэг их сүйдтэй юм байхгүй ээ. Гэхдээ зөвхөн уран бүтээлээрээ амьдрах хэцүү болохоор өөрийнхөө хийж чадах зүйлийг хийж л байна.

-Та нарыг ид байх үед хийсэн дуу болгон тань хит болдог байсан. Харин өнөөдөр нийтийн дуучин олноор төрж байгаа ч тоотой хэд нь л чихэнд үлдэж, аманд аялагдаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Биднийг уран бүтээлээ эхлүүлж байхад фм, телевиз цөөхөн байлаа. Тэгээд ч тэдгээр байгууллагын хүмүүс бидэн рүү өөрсдөө холбогдож, “Дуу, клипээ авч ирж өгөөрэй” гэдэг байсан. Тэгж түгээлгэсэн дуу төд удалгүй л хит болдог байлаа. Харин өнөөдөр төдийлөн сайн уран бүтээлч олноор төрөхгүй байгаа нь сошиал чөлөөтэй хөгжсөнтэй холбоотой байх. Энэ сүлжээгээр дамжуулаад хэн дуртай нь дуу дуулж нийтэд түгээж байна. Тэгэхээр сонсогчид тогтож сонсохгүйгээс гадна чанартай бүтээл биш гэдгийг нь ялгаж салгаад байгаа юм л даа. Мөн нийтийн дууны уралдаан их зохион байгуулагдаж байгаа нь сөргөөр нөлөөлж, чанар гэдэг зүйлд төдийлөн анхаарахгүй байна. Гэхдээ сайн дуучин гарах нь гарч байгаа шүү.

-Уран бүтээлч болсноосоо хойш та хэдэн удаа бие даасан тоглолт хийсэн байна вэ. Орон нутгаар хэдэн удаа аялсан байна вэ?

-Бие даасан таван тоглолт, төдий тооны цомог гаргасан. Мөн Монгол орноо дөрвөн удаа тойрч, аялан тоглолт хийжээ.  

-Тоглолтоо хийнэ гэдгийг тань сонсоод таныг эргэн ирж байна гэж ойлгож болох уу. Эсвэл гавьяат цолоо хүндэтгэж байгаа ёслол уу?

-Уран бүтээлдээ эргэн орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ч энэ эрхэм цолоо хүндэтгэх хэрэгтэй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Батсайхан: Сайхан цаг ирэхээр хүссэн тоглолтоо хийж, үзэгчидтэйгээ уулзана аа  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй