Шууд Chart

“Эр уруу татсан нь” өгүүллэг

2020-12-01 13:43:23

-Таны наад ам хэл татчихаагүй л байлтай. Аягатай цайндаа нүдээ гээчихсэн юм шиг л гөлрөөд суух юм. Нэг юм хэлдэг байгаа даа гэж эмгэн нь үглэнэ.

Өвгөн харин тэгтлээ ч гөлөрсөн юмгүй, нэг бол өлийн тооно ширтэж, нөгөө болохоор хаалга үүд рүү нүд бэлчээн суух аж. Харин гартаа барьсан аягатай цайндаа түрүүнээс хойш ам ч хүрээгүй нь илэрхий.

-Цай тань хөрлөө гэм. Энэ нэг юм хар нохой шиг яншаад чих амруулахгүй нь гэж бодоод дургүй байна уу. Ядаж нохой хуцахын дайтай бодвол баярлах юм шүү.

Эмгэнийх нь үглэх өвгөнд үнэхээр ч хамаагүй мэт. Осолгүй л толгой нь нэг өлийж, нэг гилжийхийг эс тооцвол хүрэл баримал гэж эндүүрэхээр л харагдана. Унжсан зовхины цаанаас цийлгэр хоёр нүд нь ч амьдын шинжийг барагтайхан илтгэх аж. Эмгэн харин үглэх зуураа “Энэ маань зүгээр байгаа” гэсэн шиг гэнэ гэнэ өвгөн рүүгээ сүрхий харна. Тэгснээ л үглэж эхэлнэ.

-Ээ, барам гэж. Сүйд болчихоод ер нь ойлгодог ухаантай л байдаг байгаа даа. Одоо амьтны нүдийг яаж харна. Үгүй ээ, ер гэмгүй гэлэн шиг сууж байгааг нь хараад байгаарай. Та нэг юм дуугар л даа. Хүнийг ичээж ханахгүй хүн юм аа. Юунд хатгуулсан харлам бэ, өөш?

Эмгэн тэсэлгүй өвгөнөө барьж байсан аяганы алчуураараа гөвшөөд авав. Өнөөх нь цочмоглон, эмгэн рүүгээ нэг сүрхий харснаа эргээд л бодь дүрдээ орон хөшив. Эмгэн саяын үйлдэлдээ жаахан гэмшив үү гэлтэй, доош харан алчуураа имхэрдэн оролдож сууснаа шурт хийн босч явлаа. Тэгснээ хаалгаа онгойлгоод гарч одох нь дээ гэтэл, шагайж харснаа эргээд хаачихав.

Дорж гуайнх хаяандаа ганц айлтай. Тэр нь хүү Балдангийнх юм. Балдан аав ээж хоёроо дөрвөн ханатай гэр барин төвхнүүлж, хажуудаа асарч тойглож явдаг билээ. Өвгөнийд хүү Балдан, бэр Удвал нь өдөртөө байнга орж гардгийг эс тооцвол хүн бараг ирэхгүй. Гэрт хоёр ор, нэг арслантай авдар, хоолны шүүгээ, ширээ, олбогноос өөр тавилга үгүй. Өвгөн хойд ороо эзэгнэж, эмгэн зүүн орондоо нойр авч заншжээ.

Гэтэл өнгөрсөн шөнө өвгөн нь юу болсон юм мэдэхгүй, эмгэнийхээ өвөрт орж ирээд унтчихаж. Эмгэнийхээ халуун биений илчинд цохиулсан өвгөнийг өглөөхөн эмгэн нь нударч босгон сэрээгээд, түрүүнээс хойш тувт ингэж сүрхий үглэж байгаа нь энэ ээ.

-Хоёр хүүхэд ороод ирсэн бол яана аа, Дорж минь. Та ч яахав, ингээд дүлий дүмбэ байж байгаад л гаргачихна. Би л муу бэрийнхээ царайг яаж харах болж байна. Эмгэн болчихоод эр уруу татлаа гэнэ шүү дээ. Ээ бүү үзэгд.

гээд эмгэн нүүрээ дарна. Занг нь мэдэхгүй хүн бол эмгэнийг мөн ч ааштай байна гэж бодохсон. Харин учир мэдэх өвгөн эмгэнийхээ ийн аальгүйтэхэд дотроо маасайн, тун ч додигор суулаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эр уруу татсан нь” өгүүллэг  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй