Шууд Chart

Шинэ Зеланд улсад галт уулын бүс рүү жуулчдыг нэвтрүүлсэн хэрэгт хэд хэдэн байгууллагыг буруутгаад байна

2020-12-02 09:48:27

Өнгөрсөн жил Шинэ Зеланд улсын Цагаан арал дээрх галт уул гэнэт дэлбэрсэн юм. Энэ байгалийн аюулт үзэгдлийн үеэр тус арал дээр аялж явсан 20 гаруй хүн амиа алдсан юм. Тэгвэл галт уул идэвхжээд байх үед аюултай бүс рүү жуулчдыг нэвтрүүлсэн хэрэгт хэд хэдэн байгууллага төдийгүй зарим хувь хүнийг буруутгаад байна.

Шинэ Зеландын эрх баригчид 10 байгууллага төдийгүй 3 хувь хүнийг галт уулын идэвхжилтийн үеэр баримтлах аюулгүйн хууль, журмыг зөрчсөн, хайхрамжгүй хандсан хэрэгт буруутгаж байгааг зарлалаа. Жуулчлалын алдартай бүс болох Цагаан арлын галт уул өнгөрсөн жилийн 12 -р сарын 09-нд дэлбэрсэн юм. Галт уулын идэвхжилтийг үл харгалзан яагаад энэ арал уруу жуулчдыг нэвтрүүлсэн вэ гэдэг маргаан үүсээд байна.

Одоогоор яг ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтны эсрэг хавтаст хэрэг үүсгээд байгаа нь хуулийн дагуу нууц байна. Улсын байгууллагаас гадна хувийн компаниуд буруутгагдаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ хэрэгт буруутай байгууллагад дээд тал нь 1.1 сая ам.долларын торгууль оногдуулна. Харин хувь хүнд 211 мянган ам.доллар хүртэлх торгууль оногдуулах магадлалтай. Шинэ Зеландын Ажлын Аюулгүй байдлын алба болон хохирогчдын ар гэрийнхэн шүүхэд гомдол гаргасан байна.

Галт уул дэлбэрэх үед цагаан арал дээр нийт 47 хүн байснаас нь  20 гаруй хүн амиа алдаж, бусад нь хүндээр түлэгдэж, шархадсан юм. Амиа алдсан жуулчдын дотор Австрали, АНУ, Германы иргэд байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеланд улсад галт уулын бүс рүү жуулчдыг нэвтрүүлсэн хэрэгт хэд хэдэн байгууллагыг буруутгаад байна  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй