Шууд Chart

Монгол Улсын тод манлай уяач А.Батсүхийн Уяа хонгор азарга

2020-12-02 11:44:31

Монгол Улсын тод манлай уяач Агваансамдангийн Батсүх Уяа хонгор азарганыхаа талаар ийнхүү хуучиллаа.

Эцэг нь бэлбэсэн зээрд, өвөө нь хулгар цавьдар эмээ нь Алтан гадсын үр гүү бол эх нь бөгсгүй хонгор, өвөө нь өвгөн хонгор, эмээ нь эмгэн хүрэн юм.

1999 оны хавар манайх Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Дэлийн үзүүрт хаваржиж байхад Хашаатын хоолойд тод манлай уяач С.Ганхуяг (Бандгай)-тай айл саахалт, адууны бэлчээр нэг байлаа. Адуундаа хэдэн сайхан залуус давихилдаж явсан сайхан үе. Бандгайгийн адуунд “Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал, ММСУХ-ны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны адуу цуг байлаа. Манлай уяач Г.Батчулууны дүү Баагий маань адуундаа давхидаг байсан юм.

Нэг өдөр Баагий манайхаар бууж, цай ууж хуучлах зуураа “Бэлбэсэн гэж сайхан хүрэн азарга Пунцаг ах саяхан авч ирсэн. Тойруулга адууны удамтайгаас гадна тэр болгон харагдаад байдаггүй буян даа. Чи очиж харахгүй юу” гээд жаал хуучилж байгаад мордов. Маргааш өглөө нь адууныхаа захаар орж адуугаа дотогш нь жаахан хумичихаад нөгөө Бэлбэсэн хүрэн азаргыг харахаар явлаа. Ердөө хар нуурын барууханд адуу нь сайхан хужирт ороод гарцгааж байв. Бэлбэсэнгээ харлаа, арал чац, хэлбэр хийц мөн сайхан буян юмаа. Сэтгэлд аргагүй л хүрлээ ...

“Энэ сайхан буянгаас хишгийг нь хүртье” гэсэн бодол төрж Бандгайгийнх руу давхилаа. Очлоо ... За тэгээд үнэн учраа шулуухан хэллээ дээ. Тэгсэн Бандгаа маань зөвшөөрч байна. Манай адууныхан ингэж бие биенээ дэмжиж байж энэ морьтны их өв соёл улам сайн сайхан болж явдгийн нэгэн том жишээг эндээс харж болно. Уяачдын халуун дулаан сэтгэлийн үр дүнд хурд төрөх түүх эхэлдэг. Үр дүнд нь морьтон түмэн минь баярладаг даа.

Гэрээсээ буцах замдаа “За ямар гүүгээ хураалгах вэ. Шийдсэн сайхан гүүгээ тавиад аз өмөө харъя. Эмгэн хүрэн гүү маань харьж байдаг. Өвгөн хонгор, Эмгэн хүрэн хоёрын дундаас гарсан бөгсгүй хонгор гүүгээ хураалгья” гэж шийдлээ. Яагаад ийм нэртэй болсон юм бэ гэхээр Богд хайрханы Шажин Хурхын аманд төрсөн нялх унаганы бөгсийг хээрийн амьтан ураад эр, охин нь мэдэгдхээргүй болгочихсон хэрэг л дээ.

Маргааш нь хонгор гүүгээ хөтөлж очиход Баагий маань тохьтой бүдүүн гүүнд холбоод бэлбэсэн азарганд тавьсан. Дараа жилийнх нь хавар эр хонгор унага төрсөн нь Уяа Хонгор азарга маань бөлгөө.

Дааганд нь мордож жаахан номхоруулж, шүдлэнд нь уяа үзүүлээд уралдуулалгүй өнжөөв. Учир нь энэ Хонгор үрээгээ их хурдан азарга болно гэж ихэд хайрлаж мөн соёолонгоос нь эхэлж уралдуулах бодлого барьж байгаа нь энэ.

Миний ажиглаж ойлгосноор олон сайхан буян доод гурван насандаа уралдаж хөл, цээжээ авчихаараа яг сайхан дээд гурван нас руугаа орохоор уралдах боломжгүй болдог. Үүнийг би олон тохиолдлоос харж байсан. Мөн өөрөө ч ийм алдаа гаргаж байсан л даа.

Адуу нас нэмж өсөхийн хирээр дөрвөн чац нь бэхжиж, бие нь зузаарч, ачаалал даах чадамж нь нэмэгдсээр байдаг. Доод гурван насандаа өсөж байгаа нялх амьтад чинь өндөр ачаалал даах чадамж муу, эд эрхтэний хувьд их эмзэг, хэврэг үедээ байдаг учраас энэ талд бодох зүйл их шүү. Ялангуяа даага, шүдлэн.

Тухайн үедээ ингэж шийдсэн болохоор соёолонгоос нь эхэлж уралдахаар төлөвлөсөн. Шүдлэн болох хавар нь манайхан Хөндлөнгийн давааны энгэр, Дэнжингийн Булгын урдахнуур нутаглаж, адуугаа Уртын гол, Адуун Чулууны эхээр байлгаж, алтны уурхайн уснаас усалж байлаа. Адуу ч сайхан тогтвортой байв.

Тэр хавар боохой элбэг, унага нялх болохоор өглөө оройгүй л татдаг, хумидаг байлаа. Нэг өглөө адуугаа гаднаа хумьчихаад гэртээ сууж байтал “Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүү ирлээ. Мэнд ус мэдэлцэж цай уух зуур “Тангаа ахаа та хонгор үрээгээ наймаалцах уу” гэж байна. Би ч тэгж хэлнэ чинээ бодоогүй тул нилээн тулгамдаж бодлоо шүү.

“Зарахгүй, үгүй” гэхээр энэ хүний сэтгэлд таагүй, адуунд сэв сууна гэж үг байдаг. “Наймаалцана аа, ав” гэхээр өөрөө уяж хурдлуулж, удам угшлыг нь залгуулах том зорилготой байдаг. Тэрүүхэн хооронд олон зүйлийг эргэцүүлж бодсоноо “Ерөөсөө ахиухан том өртөг хэлээд л Б.Наранхүүг явуулчихъя” гэж шийдэв.

“Аваа, ав” гэж хэлэхэд эр улсуудын сэтгэлд нийлэмжтэй, харин өртгөө л том хэлээд адуугаа сэвгүй авч хоцроё гэж шийдээд “Наймаалцана аа дүү, ав ав” гэлээ. Гэтэл “Өө, за ах, яаж өгөх вэ” гэж байна.

Тэгэхээр нь “УАЗ-469 машин өгөөд авдаа” л гэлээ. Тэгсэн шал өөр сэдэв рүү ороод яриад явчихлаа шүү. Тэгхээр нь “За болоод явчих шиг боллоо. Уяа үзүүлээгүй битүү шахуу үрээг дэмий тэнэсэн үнэ хэллээ гэж бодож байгаа байх даа, энэ залуу яавч авхааргүй болсон байх. Ямартай ч үрээгээ аваад хоцорлоо” гэсэн шүү юм бодож суутал ”За ах явлаа” гээд үүд рүү явж байснаа үүдэн дээр зог тусч “ Ах тэгээд ямар 69 авах юм бэ” гэж авдаг байна шүү. Бас дахин тулгамдаж өөрийнхөө мэддэгээр “бардактай” гээд л аваад хаячихлаа. Гэтэл тэр “Аа за за” гээд л давхиад явчихвөө! Күэээ энэ туучийг чинь гөвөх гэж байгаад гөвүүлчих вүү яав. Тухайн үед хөдөөний хэдэн малтай хүнд чинь УАЗ-469 гэдэг машин чинь маш том юм байхгүй юу. Хамгийн том өртгөө л хэлж байгаа нь энэ. Ингээд байж байтал хоёр хоногийн дараа адуугаа гэрийнхээ ойрхон бөөгнүүлчихээд дуран гүйлгээд сууж байтал давааны уруу хоёр машины тоос нь гозойгоод л явчихлаа. Эхэнд нь хар жийп, араас нь хар хөх өнгөтэй барданктай УАЗ 469 сүнгэнэж байна даа. “За энэ манайхыг чиглэлээ” гээд хурдхан мордож гэртээ иртэл зэрэгцээд л хоёр машин ирэв ээ. 69-ийн тоормосных нь наклаад чихраад л, будаг нь ханхлаад л сайхан юмаа. Гэрт орлоо. Монгол ахан дүүс байна даа машины түлхүүрийг хадагтай өргөн барьж надад гардууллаа. Би адуугаа авч ирж Уяа хонгорынхоо торгон жолоог алд цэнхэр хадагтай хамт Б.Наранхүү дүүд бариваа. Эр улсуудын ам бол ам. Миний хувьд далаараа 100 хувь пад. (Инээв. сурв)

Ийм нэгэн түүх 2002 онд болж билээ. Уяа хонгор азарга маань соёолондоо улсын баяр наадамд уралдаад 12-т давхисан. Азаргашихгүй болохоор нь гүү өгөлгүй уясан юм. Наадмын дараа сайхан хариу уяа хийж зөв суллаж тавьсан л даа.

Хэд хоног амарчихаад азаргашиж давхиж яваад азаргануудад хураагдахгүй хасагдаж хөөгдөөд явсан Будёны хар халзан гүүг хураачихсан харагдана. Азарга болжээ янз нь ... Дараа жилийн найман сарын сүүлээр Говийн багшийн маань Далай зээрд Уяа хонгорын анхных нь төл болж төрсөн. Уяа хонгор азаргаа хавчиг болох жилийнх нь намар сайн эдлэж, сайн сойлго оруулж сэтгэлдээ хүртэл бэлдсэн гэж боддог.

Намар нь буюу арваннэгдүгээр сарын 20-нд тэжээлд нь оруулж, ажил сайтай өвөлжсөн. Хавар нь уралдах гэж хөнгөрүүлж, ажил хийгээд биеийнх нь мах нимгэрээд сайхан болчихоод байдаг, далан, шилэм нь модойчихоод хөдөлдөггүй. Тэгэхээр нь уяхаа болиод тэжээлийг нь хасаад, өвсөн хоолоор нь өдөр болгон хаврын хөх салхинд уяад, дулаахан өдөр далан тойрчихоод, хааяа даланг нь хүйтэн усаар цохиод хоёр сар гаран болоход модойсон хатуу далан нь шимэгдэж, үгүй болоод хас нь нэлээн сайн онгойгоод биеийнх нь мах гэж ярайсан юм болоод ирэв. Ийм байдал үүссэн нь адууг тэжээхдээ буруу хүч суулгаж тэжээснээс үүдэлтэй. Биеийнх нь хүчийг буулгачихаад байхад далан шилэм нь их биетэйгээ тэнцэж буугаагүй байхад нь тэжээлд нь оруулбал хамгийн түрүүнд далан ь л модойгоод ирдэг. Үүнийг анзаарч, тооцож тэжээх нь чухал байсан. Хаврын салхитай хамжиж хөнгөн ажил хийж, өвсөн хоолоор нь барьж байгаад засаж авсан. Үүний ард сайхан сэргэлт хийж, ногоотой хавсарч тэжээсээр зуны наадмын уяа эхлэхэд ямар ч асуудалгүй, уяагаа л хичээхээс өөр зүйлгүй болсон байлаа.

Азарганы ороог эрт гаргаж, үндсэн тамирыг нь хадгалж, ачааллыг нь тааруулж уяхад алсаас нь өвөл, хаврынх нь засал, уяа их нөлөөлдгийг тогтоож авч билээ.

Тэр жил Асгат саарал, Аагийгийн хүрэн, Мөнгөн хөлт, Жигүүр хул гээд улсын наадмын өнгийг тодорхойлох хэдэн дуухтай азарга нэг сунгаанд, нэг дор уягдацгааж байлаа. Эрлийз давхилд Уяа хонгор түрүүлэв. Бага,дунд, их давхилд бүгдэнд нь хөөрхөн зайтай түрүүлж, үзүүрлүүгээ ямар ч унжаа байхгүй, улам л хөдлөөд татаатайгаа түрүүлээд байв. Хүн болгон л “За Уяа хонгор өнгөтэй байна даа, гарцаагүй түрүүлэх нь” гэлцэнэ. Би гэдэг хүн чинь бараг төрийн наадмын азарганы түрүү авчих юм шиг л бодолд хөврөв өө.

За тэгээд Хүй мандлын торгон ногоон дэнж дээр бууж төвхнөж авцгаалаа. Маргааш өглөө нь азарга мордоно. Уралдахаас нь өмнөх шөнийн хоол гэж маш чухал үе тулж ирлээ. Төмөр замын тохойнд торон дотор азарганыхаа хоолыг тааруулахаар боллоо. “Жаал зогсоож хоолыг нь ойртуулж байгаад л тавьж идүүлэе, хараад ажиглаад суухад цаашаа болно биз” гэж бодлоо. Шөнийн 00:00 цагт тавилаа, сайхан идэж байна. Өргөн хар хөх хиаг бас Монголтой. Миний хажууд Аагийгийн туслах уяач Мөөнөө хүрэн азаргатайгаа бас л ижил цагт тавиад хамтдаа хараад сууж байтал 02:00 цагт хүрэн азаргаа барьж авч нэмнээд богинохон уячихаад тохмоо дэвсээд эмээлээ дэрлээд унтаад өгөх нь ээ.

Би асуулаа “Хүүе хоёр цагийн хоол чинь дааганых. Дахиад идүүлэхгүй юм уу” гэж. Гэтэл тэр “Дахиж идүүлэхгүй ээ. Маргааш айраг түрүүний аль нэгэнд нь ирэхгүй юм бол ахиж би морь уяахгүй” гэж хаазалчихаад унтаад өглөө.

Би үүрийн 04:00 цаг болтол Уяа хонгорыгоо идүүллээ. Сайхан дүүрч байгаа бололтой, гэвч “За баараггүй нь дээр” гээд 06:00 хүртэл идүүллээ. Минийхээр бол сайхан гэдэс хийлээ, үүрээр хонгор азарга маань 30-аад минут л унтсан. Бусад үед нь туж идсэн.

Уяан дээрээ авч ирээд услаад, нэмнээд орхитол сайхан унтаад өглөө. Азарга мордоод сүүлийнхээс нь арай өмнөхөн мордуулаад гаргав. Хонгор азарганы маань өнгө зүс, гэдэс сайхан л мордлоо. Азарга гараанаасаа эргэхэд Эрдэнэтийн Чукийн Араб халзан азаргатай холбож аваад л араасаа жоохон зайтай л яваад байв. Өндөр хүчдэлийн шонгийн мод өнгөрөөд Уяа хонгор сүүлээ шарваад л суух янз ороод явчихлаа. Жигдхэн зүтгэсээр яваад 12-т орлоо. Харин Асгат саарал түрүүлж, Аагийгийн хүрэн аман хүзүүдэв.

За бас л алдлаа. Түрүүлэхээ байг гэхэд дархан айрагтай азаргаа маш муу хооллов. Ирээд хэвтээд, хөрвөөх гээд байв. Аль болох хөрвөөлгөхгүй байх нь чухал. Учир нь хоолгүй гэдэс нь ороох магадлал өндөр. Аль болох хооллож, алдсан шингэнийг нь нөхөж, өвчин намдаах тариа хийсээр эгээтэй л азаргаа тавьж туучихсангүй, босгоод авлаа.

Нөгөө талд Мөнгөн хөлт бас адилхан. Бямбадорж ах бас ноцолдоод л байгаа харагдсан. Бидний өвөг дээдэс яг л үнэнийг хэлсэн нь ингэж амьдрал дээр байнга батлагддаг. Уралдахаасаа урьд шөнийн хоолоо гэж !!! Тэнэг хүн биеэрээ үзэж ойлгодог гэдэг шиг биеээрээ үзлээ. Харин ойлгоно гэдэг оньсого шиг санагдах.

Мэдлэг дутуу хүн мэдэхгүйгээсээ болж маш зоригтой алддаг мэт санагдав. Нэг чухал зүйлийг мэдээгүйгээс болж алдсан алдаа нь араасаа маш их эрсдэл дагуулдаг. Нэрэлхэлгүй мэддэг хүнээс сайн асууж, судлаагүйн гор ингэж илэрдэг. Би ийнхүү алдаа гаргаж төрийн наадамд түрүүлэх магадлалтай азаргаараа туршилт шиг зүйл хийсэндээ маш их харамсдаг. Алдаагаа олсоон.

Уяа хонгор хүүхэд мордуулангуут их хөнгөхөн хөтлүүлж л явуулахгүй бол явчих гээд байдаг ёстой дөрвөн хөл дээрээ дэгдэгнэнэ дээ. Ойр хавьдаа адуу явуулахгүй тангарана, өшиглөнө. Уяа нь ороод ирэхлээрээ л энэ зан нь гараад ирдэг. Хөнгөрөөгүй үедээ хүүхдэд гуядуулаад л зүтгээд явдаг. Уяа нь эвлэсэн үедээ 100 хувь биеээ дайчилж зүтгэдэг, нөөнө гэж байдаггүй явахын түүс болдог азарга.

Учир иймээс сэтгэл зүй ааш араншин, хөлсийг нь тооцож хооллох байсан. Хөлс бол маш элбэг, хөлөрхийн хирээр адууны хоол шингэж байдаг. Энэ хоёр онцлох зүйлийг хооронд нь сайн авцалдуулж сайн бодож хооллох ёстой байсан.

Урьд шөнийх нь хоолыг хийхдээ бараг орой 08:00 цагт тавиад өглөө тултал нь идүүлээд сүүлийн азаргатай нийлүүлээд мордуулсан бол аатайхан уралдах нь дамжиггүй байсан байна биллээ.

Үүнээс хойш адууг хооллохдоо цагаар биш адууны сэтгэл, хөлс хоёр дээр анхаарч хооллох нь маш чухал болохыг энэ насандаа мартхааргүй алдсан алдаанаасаа олж авлаа. Манайханд ам дамжсан яриа байдаг. Даага хоёр цаг, их морь, азарга таван цаг. Энэ талд авах гээхийн ухаанаар хандаарай гэж аминчлан хэлэх байна. Аагийгийн хүрэн азарга яагаад хоёр цагийн хоолтой мордсон хирнээ аман хүзүүдэв.

  1. Сэтгэл хүнд. Хөөрөх, зүтгэх гэсэн сэтгэл зүй огт байдаггүй.
  2. Сэтгэлээ дагаад хоолоо их хадгалдаг.
  3. Өөртөө тохирсон хөлстэй. (элбэг биш)

Учир иймээс хоёр цагийн хоолоо хадгалж уралдаад аман хүзүүдэж байна. Уяа хонгор шиг зургаан цаг идүүлчихвэл цатгалдах нь тодорхой. Дараа жил нь Улс хувьсгалын 800 жилийн ойгоор Уяа хонгор азарга дөрөвт давхиж, түмэн олноо баярлуулж билээ.

Адуу адууны удам ген, цус дагаж өгөгдөл нь өөр өөр байдаг учраас энэ болгонд нь таарсан уяа засал хийж уралдах нь уяач бидний гол зорилго.

Жил жилийн уяа өөр өөр байдаг нь

Жил жилийн уяа адууны хүч тамираас шалтгаалмой

Жил жилийн уяа адууны хүч тамир нь

Жил жилийн өвс ургамлаас хамаармой.

Монгол газар төрсөн унага бүхэн босоо тэнцэх болтугай.


Монгол Улсын тод манлай уяач А.Батсүхийн Уяа хонгор азарга  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй