Шууд Chart

Франц улсад цагдаагийн аюулгүй байдлыг хангах хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар боллоо

2020-12-02 11:57:26

Франц улсын эрх баригчид цагдаагийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг батлахаар хэлэлцэж байна. Гэхдээ энэхүү хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцсэн, жагсаал хөдөлгөөн боллоо. Үүнээс ч үүдэн үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн бичлэгийг хийхийг хориглосон заалтад өөрчлөлт оруулахаар болсон байна. 

Парис тэргүүтэй хэд хэдэн хотод иргэд цагдаагийн  аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал хийсэн байна. Парис хотод дахь жагсаалын үеэр жагсагчид болон хамгаалалтын хүчнийхний хооронд мөргөлдөөн гарч, хэд хэдэн хүн бэртэж гэмтжээ. Энэхүү хуулийн төслийн 24-р зүйл, заалтыг иргэд ихээр эсэргүүцжээ.  Энэ хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарын зургийг авах, бичлэг хийхийг хориглох заалт багтаад байсан юм. Дээрх заалтыг зөрчсөн хүнд нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих, 53 мянга гаруй ам.долларын торгууль оногдуулахаар мөн тусгасан байжээ. Тэгвэл иргэд энэхүү заалт нь иргэдийн эрхэнд халдаж байгаагаас гадна, цагдаа нарын зүй бус үйлдлийг далдлах хэрэгсэл болно гэж эсэргүүцэж байгаа юм. 

Ийнхүү Францад олон мянган хүн гудамжинд гарч, жагсаж байгаагаас үүдэн тус улсын эрх баригчид маргаантай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаа амлаад байна. Засгийн эрхийг баригч намын тэргүүн олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ 24-р зүйл заалтыг тэр чигээр нь өөрчилж, шинэчилнэ гэдгээ хэлсэн байна. Энгийн иргэдээс гадна хэвлэлийнхэн ч үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчийн нэр төрд халдах үүднээс бичлэг хийх, зураг авахыг хориглоно гэсэн заалтыг мөн эсэргүүцэж байна. Парис хотод саяхан өнгөт арьст хөгжмийн зохиолчийг цагдаа нар зодож буй бичлэг интернетээр цацагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Одоогоор энэ хэрэгт 4-ч цагдаа буруутгагдаж, шүүхэд дуудагдаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улсад цагдаагийн аюулгүй байдлыг хангах хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар боллоо  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй