Шууд Chart

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

2020-12-02 18:28:52

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг болохыг Л.Энх-Амгалан танилцуулав. Энэ чиг үүргийнхээ дагуу “Ажлын хэсэг байгуулах” Байнгын хорооны тогтоолыг боловсруулсныг онцолсон. Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар ажиллахаар, ажлын хэсгийн нарийн бичгээр Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Б.Хатантуул ажиллахаар төсөлд заажээ. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт тухай бүр шаардлагатай албан тушаалтныг дуудан оролцуулахаар тусгасан байна.

Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авав. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нөхцөл байдал тун хүнд байгааг Х.Нямбаатар гишүүн дурдаад, тус байгууллагын удирдлагыг салбарын онцлогийг мэддэг, телевизийн урлагийг ойлгодог, улс төрөөс ангид баг бүрэлдэхүүн байгуулах чиглэлд холбогдох хүмүүс анхаарч ажиллаарай хэмээн захив. Одоо мөрдөгдөж буй хууль, журмаар тодорхой байгууллагуудын төлөөлөл буюу Үндэсний 15 гишүүний 4-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал 7, Монгол Улсын Засгийн газар 4 хүнийг тус тус нэр дэвшүүлэх зохицуулалттай.

Цаашдаа холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг хараат бусаар, нээлттэй сонгон шалгаруулдаг болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлага болон Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд тодорхой шалгуур тавьдаг, уг асуудлыг томилгоо болон сонгон шалгаруулалтын үеэр хяналт тавьж ажилладаг байх шаардлагын талаар Ё.Баатарбилэг гишүүн байр сууриа илэрхийллээ.

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, саналыг сонссон гэдгээ Байнгын хорооны дарга хэлэв. Тус байгууллагад үүсээд буй асуудлын гол нь цалин, урамшуулалтай холбоотой бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гарган, нөөц хөрөнгөөсөө 1 тэрбум орчим төгрөг гаргаж шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх юм бол бусад асуудал сонгон шалгаруулалтай холбоотойгоор шийдэгдэх боломж бий гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Тухайлбал, Yндэсний зөвлөл нь олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах, хуульд заасан журмын дагуу Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвших материал хүлээн авах хугацаа үргэлжилж байгаа, шинэ удирдлагуудыг томилох үйл ажиллагааг шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг тус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн байна.

йнхүү гишүүд асуулт асууж, холбогдох хариулт, мэдээллийг авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлахыг дэмжлээ.


“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй