Шууд Chart

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2020-12-02 18:34:57

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжлэв. Төслийн талаар Л.Энх-Амгалан дарга танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаасаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан.

Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох тогтоолыг баталсан юм.  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5-д “хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, 82.2.7-д “энэ хуулийн 82.2.5-д заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хугацаанд орон нутгийн хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн тухайн орон нутагт байнгын оршин суугчаар бүртгүүлэх эрхийг хязгаарлаж хуульчилсан, хууль хоорондын зөрчлийг арилгахаар төслүүдийг боловсруулсан байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс” болгон өөрчлөхөөр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн болон сонгуулийн эрх бүхий энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ээлжит, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байх заалтыг тус тус нэмэхээр төсөлд тусгасан болохыг танилцуулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй