Шууд Chart

Дуучин Рита Ора хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэндээ уучлал хүсчээ

2020-12-03 10:44:08

“Ковид-19” цар тахал дэлхий дахинаа тархаад байгаа энэ үеэр Их Британийн дуучин Рита Ора төрсөн өдрийн баяраа ойр дотнынхонтойгоо тэмдэглэсэндээ уучлал хүсчээ.

Мөн сайн дураараа 10 мянган еврогийн торгууль төлөхөө амласан байна. Тус улсад хөл хорионы дүрэм зөрчигсдөд 100-3200 еврогийн торгууль ногдуулж байгаа аж.

Тэрбээр “Сайн байцгаана уу. Би 30 насны төрсөн өдрөө цөөн найзуудаа урьж тэмдэглэсэн. Энэ санаатай үйлдэл байгаагүй. Гэнэтийн шийдвэр байлаа. Би бусдыг эрсдэлд оруулж, хөл хорионы дүрэм зөрчсөндөө харамсч байна. Энэ бол миний маш том алдаа. Би бүх хариуцлагаа хүлээх болно. Энэ олон хүн аймшигт өвчинтэй тэмцэн ажиллаж байхад ийм үйлдэл гаргасандаа ичиж байна. Та бүхнээс уучлалт гуйж байна” хэмээн инстаграмдаа бичжээ.

Өдгөө 30 насны босгыг алхаж буй тэрбээр Лондон хотын баруун хэсэгт орших “Casa Cruz” ресторанд 30 орчим хүн цуглуулан үдэшлэг зохион байгуулсан байна. Зочдын дунд супер модель Кара Делевинь зэрэг алдартнууд байжээ.

Рита Ора болон түүний найзууд рестораны арын хаалгаар, уух зүйлс, мөс зэргийг барин орж буй дүрс хяналтын камерт бичигджээ. Рестораны эзэн, тэрбумтан Францис Перродо энэ талаар огт мэдээгүй хэмээн мэдэгдсэн байна. Үдэшлэг дундаа орж байх үед цагдаа нар иржээ.

Одоогоор Их Британид ресторан, зоогийн газрууд хаалттай, дотоод орчинд зургаа ба түүнээс дээш хүн, гадаад орчинд хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглоод байгаа юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Рита Ора хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэндээ уучлал хүсчээ  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй