Шууд Chart

“Чаньэ-5”-ын даалгавар амжилттай болвол БНХАУ сарны хөрснөөс дээж авч ирсэн гурав дахь улс болно

2020-12-03 12:14:19

Сарны хөрснөөс геологийн дээж авчрахаар түүхэн даалгавар гүйцэтгэх БНХАУ-ын Чаньэ-5 төхөөрөмж саран дээр амжилттай газардсан байна. Хэрэв энэ даалгавар амжилттай хэрэгжвэл БНХАУ нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд анх удаа сарны хөрсний дээжийг эх дэлхийд авчирсан дэлхийн гурав дахь улс болох юм байна.

Чаньэ-5 төхөөрөмж сарны үзэгдэх талд орших, судлагдаж байгаагүй Рюмкер галт уулсын оргилд газарджээ. Уг төхөөрөмж энэ хэсгээс хөрс, чулууны дээж авахын тулд зургаа хоног зарцуулах юм байна. чулуулгийн дээж авахын тулд буугч төхөөрөмж сарны гадаргууг 2 метр орчим өрөмдөж, нийтдээ 2 кг орчим дээж цуглуулж, дэлхий рүү авчрах юм байна. 8.2 тонн жинтэй Чаньэ5 хөлөг өнгөрсөн сарын 24-ны өдөр Хятадын өмнөд бүсийн Веньчанг сансрын буудлаас хөөрсөн. Энэ хөлөг саран дээр буух, гадаргуугаас хөөрөх, дээж бүхий хэсгийг тойрог замд залгах, дахин ачих, дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан гээд дөрвөн хэсгээс бүрдсэн байна. 2004 онд эхлүүлсэн Хятадын сар судлалын энэ хөтөлбөр сансрын тойрог замд орох, саран дээр газардах, сарны гадаргуугаас дээж авч ирэх гэсэн гурван хэсгээс бүрдсэн. 

Хятад улс 2013онд чаньэ-3 хөлөгөө хөөргөж, 2019 онд чаньэ-4 хөлгөөр сарны цаад талд буусан нь түүхэнд байгаагүй амжилт болсон. Хамгийн сүүлд 44 жилийн өмнө буюу 1976 онд хуучнаар ЗХУ сар руу сансрын хөлгөө илгээж, сарны гадаргуугаас 200 грамм орчим дээж авч ирж байжээ. ОХУ болон АНУ-ын сансар судлалын агентлагууд БНХАУ-д баяр хүргэж байна. НАСА-гийн тэргүүлэх шинжээч эрдэмтэн олон улсын сансар судлалын салбарынханд Хятадын сарны гадаргуугаас авч ирсэн дээжийг судлах боломж олдоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Чаньэ-5”-ын даалгавар амжилттай болвол БНХАУ сарны хөрснөөс дээж авч ирсэн гурав дахь улс болно  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй