Шууд Chart

“Парис-2024” олимпынхон хуралдав

2020-12-03 13:16:16

“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хорооны хамтарсан хуралдаан болов.

ЗБХ-ны Ерөнхийлөгч Тони Эстангье “Бид цар тахлын дараах олимпын жинхэнэ өөдрөг дүр төрхийг илтгэсэн, шинэ эриний уриа дуудлага бүхий шинэ наадмыг зохион байгуулах болно. Түүнчлэн ивээн тэтгэгч, түнш байгууллага, хувь хүмүүстэй нягт хамтран, “Terre de Jeux 2024” (Наадмын нутаг), “Le Club Paris” (Дэмжигчдийн клуб), “Impact2024” (Түлхэц) зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Франц улс, Парисын оршин суугчид, түүний дотор хагас сая хүүхэд залуучуудыг олимпизмийн үйлсэд татан оролцуулах чиглэлээр тодорхой ажил төлөвлөсний дагуу 1,7 тэрбум евро зарцуулах төсөв баталсан. Мөн ОУОХ, Олон улсын спорт холбоодтой байнгын холбоотой ажиллахын зэрэгцээ тэмцээн уралдааны ордон танхимын бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна” гэж мэдэгдэв.

ОУОХ-ны Зохицуулах комиссийн дарга Пьер-Оливер Бекерс-Вьюжон (Бельги) нь Парис-2024 олимпын бэлтгэл жигд хурдацтай урам зоригтой урагшилж, уян хатан, бүтээлч хандлагыг харилцан уялдаатай удирдлага болгон, спортын хөтөлбөр, өв соёлын санаачилга, түншүүдэд үзүүлэх үр нөлөө зэрэг амин чухал асуудлыг шуурхай оновчтой шийдэж буйг өндрөөр үнэлэв.

Зуны XXXIII олимпын наадам нь 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо болно.

Өмнө нь 1900 онд Парис хот Зуны II олимпын наадмыг зохион байгуулсан түүхтэй билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Парис-2024” олимпынхон хуралдав  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй