Шууд Chart

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020-12-03 14:23:36

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.03) нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төслийн 1, 2 дугаар зүйлийн “…бүх төрлийн малын тэжээл…” гэснийг “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацаа “…2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэснийг “…2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас хариулт, мэдээлэл авав. Малын тэжээлийн үнэ өнгөрсөн 3 дугаар сартай харьцуулахад 60 гаруй хувиар, өвс 50 хувиар нэмэгдээд байгааг С.Чинзориг гишүүн дуулгаад төслийг баталснаар буюу гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлснээр өвс, тэжээлийн үнэд ямар нөлөө үзүүлэхийг лавлав. Өвч, тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдэг саналыг тэрбээр хэлж байсан. Мөн С.Чинзориг гишүүн экспортын чиглэлээр бэлтгэж буй мах бэлтгэлийн явц удаашралтай байгааг хэлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдлыг тооцон мах бэлтгэлийг эрчимжүүлэхийг хүслээ.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цар тахлын үед иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох, керосин, төсвийн орлогыг 45 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх ач холбогдолтой керосин, нафта зэрэг хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисуудыг хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ноогдуулах, тамхинд онцгой албан татвар ноогдуулах зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснээ хэлж, эдгээр төслийг хэлэлцүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Уг төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гаалийн албан татварыг хөнгөлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч үүнтэй зэрэгцэн хэлэлцэж буй НӨАТ-ыг хөнгөлөх тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Төр засгаас сүүлийн 5 жилд 150 орчим тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр тариаланчдад олгосон, ТЭДСан нь 240 тэрбум төгрөгийн авлагатай. Ийм хэмжээний дэмжлэг төр засгаас авдаг атлаа жил бүр нийт хэрэглээнийхээ 30 хувийг импортоор авдаг гэдгийг хэллээ. ТЭДСанг аж ахуйн тооцоотой, бие даасан үйл ажиллагаатай болгон өөрчлөхөөр ажиллаж байгаагаа салбарын сайд хэлсэн юм.

Өвс, тэжээлийн үнийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд гаалийн албан татварыг хөнгөлснөөрөө нийлүүлэлт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа ч яг тодорхой үнэд барина гэж хэлэх боломжгүй гэдгийг З.Мэндсайхан сайд тайлбарлалаа. Гадаад зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байна, ОХУ ирэх оны 2 дугаар сараас экспортдоо квот тогтоох гэж байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас юу ч энэ удаа авч байгаа арга хэмжээний үр дүнд дотоодод дутагдал үүсгэхгүй байх, улмаар нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой гэв. Энэ жил улаанбуудайны үнэ өссөн, эрэлт ихэсмэгц тэжээлийн үнэ өссөн. Тиймээс зах зээлийн зохицуулалтынх нь дагуу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, ингэснээр үнэ тогтворжиж, буурна гэж үзэж байгаа гэв. 

Отор, өвөлжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тухай бүр шийдвэрлэж байгаа талаар салбарын сайд хэлж байв. Энэ долоо хоногт Шадар сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийж өвөлжилтийн бэлтгэл ажил, отрын малчдын талаар орон нутагт баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаж, үүрэг чиглэл өгсөн байна.  УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гишүүний тодруулсны дагуу улаанбуудайн нөөц, импортлох хэмжээний талаар З.Мэндсайхан сайд мэдээлэл өгөв. Энэ онд 408.000 тонн улаанбуудай хурааж авсан, гурилын үйлдвэрт 248.000 тонныг нийлүүлжээ. Үлдсэнийг нь тэжээл, спиртийн үйлдвэрт нийлүүлээд байгаа аж. Гурилын үйлдвэрүүдэд 68.000 тонн, тэжээлийн үйлдвэрүүдэд 80.000 тонн улаанбуудай дутагдалтай байгаа гэлээ. Цаашдаа мал аж ахуй болон тариалангийн салбарт оновчтой бодлогыг тодорхойлж, тэжээлийн ургамал тариалалт, ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг төрөөс зохицуулах арга хэмжээ авахгүй бол 1 га талбайгаас хураасан улаанбуудайгаа малчдад 1.5 сая төгрөгөөр малчдад өгөх, эсвэл 0.7 сая төгрөгөөр гурилын үйлдвэрт өгөх нөхцөлөөс тариаланчид сонголт хийх болоод байгаад хэлэв. Мал аж ахуйн асуудал газар тариалангийн салбараа татаж унагах, улмаар хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг хэлсэн. Цаашдаа тэжээлийн үйлдвэрийг дэмжих, ногоон тэжээл үйлдвэрлэх нэн шаардлага бий гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв.

Аймгуудын ИТХ-ын дарга нартай цар тахлын үеийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал асууж цахим хурал хийснээ УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэллээ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд өвс, малын тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах талаар ИТХ-ын дарга нар, малчид хэлж байсныг УИХ-ын дарга хэлэв. Төрөөс бодлогын арга хэмжээ авч, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр арга хэмжээ аваад байхад цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа тохиолдлуудтай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам анхаарч, хатуу тэмцэх ёстой гэв.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын 3 томъёоллоор  санал хураалт явуулаад, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй