Шууд Chart

Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийж хамтран ажиллахаар боллоо

2020-12-04 11:49:33

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар санал солилцлоо. Цахим уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд болон Эм, Оёдлын холбоо, Тээвэрлэгчдийн үндэсний холбоо, Хүнс, Барилгачдын холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоо, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, зарим томоохон аж ахуй нэгж гэх мэт 70 орчим байгууллагын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.

Улсын онцгой комисс цаашид бизнесийн салбараа дэмжих чиглэлд ямар бодлого, төлөвлөгөөтэй байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл лавлав. Эмийн холбооноос эмийн импортын нөөц бүрдүүлэлт, татан авалтыг хөндсөн бол Хүнсний бүтээгдэхүүний импортлогчдын холбоо, Тээвэр зуучлалын холбооноос өмнөд болон хойд хилээр бараа бүтээгдэхүүн татах, тээврийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ.

Шадар сайд: Бизнесийн “Зөвлөх баг”-ийг байгуулж өгөх саналыг МҮХАҮТ-ын удирдлагууд тавьж, Улсын онцгой комиссоос “Зөвлөх баг”-тай хамтраад ажиллах боломжтой гэдгийг илэрхийллээ. Цахим уулзалтын дараа Шадар сайд Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийг хуралдуулж, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн зарим асуудалд анхаарч ажиллахыг ЗТХ-ийн сайд Халтар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон бусад холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болголоо.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос нөхцөл байдалтайгаа уялдуулан эдийн засгаа дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа гэдгээ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийж хамтран ажиллахаар боллоо  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй