Шууд Chart

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

2020-12-04 18:11:39

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.04) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан эдгээр хуулийн төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг нийт гишүүдийн 50 нь буюу 86. 2 хувь нь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс” болгож өөрчлөхөөр болов. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн 5.3 дахь хэсгийг нэмэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн,  сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул гишүүдийн саналаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж ярилцахаар шийдвэрлэсэн юм.

Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулсан юм. 

Хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэгбүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Харин Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, дахин нягталж сайжхуулах нөхцөл, шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үндсэн дээр Ажлын хэсэг хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж гүйцээн боловсруулжээ. Бусад саналыг 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томьёоллоор нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нутгийн удирдлагын дэд хороо ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийж, шинээр сонгогдсон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн саналыг сонсох хүсэлт гаргасан. Мөн төслийн зарим зүйл, заалтыг эргэн харж гүйцээж боловсруулан Үндсэн хуулийн заалтад нийцүүлж тодотгох шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав. 

Энэ үндсэн дээр хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэх, бусад хуультай уялдуулах үүднээс төслийг Байнгын хороонд шилжүүлж анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй