Шууд Chart

Б.Батбилэг: Үндэсний телевизэд нэг жил ажиллах хугацаандаа би маш их зүйл сурсан     

2020-12-30 17:11:47

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлгийн “Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021” тусгай дугаарыг энэ сарын 31-ний 22:00 цагт МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB спорт” суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар улс орон даяар хүргэнэ. Хагас зууны хит уран бүтээлийг багтаасан уг баярын тусгай нэвтрүүлгийг МҮОНРТ-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа "Гурван марал од” киноны Ким Инхагаас эхлүүлээд 4000 мянга гаруй кинонд дуу оруулсан жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Энхбаяр, комедиан Б.Батбилэг, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Ү.Чимэгбаяр нарын гурван үеийн төлөөлөл хөтөлж үзэгчдэд хүргэнэ.

-Багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсч байсан бэ. Хүүхэд насаа дурсаач?

-Би айлын том, дөрвөн дүүтэй. Багадаа дуу, бүжигт их дуртай, хүүхэд байсан. Миний бага нас 40 мянгатад өнгөрсөн.Тэр үед ирээдүйн мэргэжлээ бодож, төлөвлөөгүй байсан ч гэлээ хүмүүсийг инээлгэх дуртай байсан маань комедиан болоход хөтөлсөн байх. Жаахан байхдаа гэр бүлийнхнийгээ янз бүрээр дуулж бүжиглэж инээлгэдэг байсан. Одоо гэр бүлийнхээ альбомыг үзэхээр миний багын ихэнх зураг инээдтэй, хошин царай гаргасан байдаг.

-Та хип хоп хамтлагийн гишүүн байсан. Яагаад дуу хөгжмөөс холдсон бэ?

-Би зөвхөн хип хоп гэлтгүй бүх л төрлийн дуу хөгжимд сонирхолтой. Өсвөр насанд миний үеийнхэн “G unit” тэр дундаа “50 сеnt-ийг сонсдог байсан. Тэдний стиль, хувцаслалтыг хүүхэд бүр дуурайдаг. Барууны хэв маягийн кино их үздэг байсан. Тэрнээс болоод хип хоп сонирхож эхэлсэн байх. 2008-2012 онд хип хоп дууны үг бичиж, реппер болох зорилготой байсан. Тухайн үед би яг хүссэн хэмжээгээрээ хурдан хугацаанд сайжирч, өөрийн гэсэн сонсогчтой болоогүй.

Тэгээд сонирхол буурсан эсвэл би тийм төрлийн авьяасгүй гэдгээ мэдсэн. Бас би ямар нэг зүйлээс амархан уйддаг байсан. Хип хоп урсгал сонирхохоо больсны дараа амьд хөгжмийн хамтлагтай болох мөрөөдөлтэй болсон. Тэгээд гитар тоглож сурсан. Одоо ч амьд хөгжмийн хамтлагтай болох нууцхан мөрөөдөл байдаг. Гэхдээ гитараас ч бас уйдаж, электро хөгжим сонирхож, DJ болсон. Харин манай “Лойчихсон” хамтлагийн Гинжин, Lil Thug-E, FLA гээд найзууд маань одоо ч гэсэн уран бүтээлээ хийж байгаа.

-Стэйнд ап хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

- 2007 оноос “Youtube’’-ээр комеди үзэж эхэлсэн. Тухайн үед би болон манай найзууд англи хэл сурчихсан байсан. Katt Williams, Russell Peters гээд Америкийн мундаг комедиануудын бичлэгийг үзсэн. Тухайн үед жаахан хүүхдүүд нулимсаа гартал инээж билээ. Тэрнээс хойш үзэгчийн хувиар стэйнд апд дуртай болсон. 2011 онд Жуулчны гудамжинд “Комеди клуб” гэсэн хаягтай газар байхаар нь баярлаад ортол ямар ч хүнгүй байсан. Тэгээд менежертэй нь танилцахад “намайг ирээрэй" гэсэн ч миний зав зай болж өгөхгүй очоогүй. Дараа нь их сургуулиа төгсөөд МҮОНРТ-д нэг жилийн турш туслах найруулагчаар ажилласан. Үндэсний телевизээс би маш их зүйлийг суралцсан, хүнтэй харицахаас эхлээд зураг авах, дүрс эвлүүлэх, тайз засал гээд тоочоод байвал зөндөө. Энэ бүхэн маань одоогийн “UB comedy” клубийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулсан даа.

-Танайх тоглолтынхоо зарыг мэдээллийн хэрэгсэл ашиглалгүй зөвхөн фэйсбүүкээр цацдаг. Ганц л сувгаар маркетинг хийдэг мөртлөө бүх л том шоуныхаа билетийг ганц ч суудал үлдээлгүй борлуулчихдаг. Тэгэхээр танд маркетингийн гоц авьяас байна уу?

-Би маркетингийн менежер мэргэжилтэй. Гэхдээ зөвхөн миний авьяасаар манай бүх билет зарагдаагүй. Гол нь манай гишүүдийн хувь нэмэр маш их байгаа. Манай комедиануудын найз нөхөд, тэдний фэнүүд л манай тоглолтын билетийг авч байгаа. Бас билет сайн зарагддаг өөр шалтгаан нь нийгмийн стрессээс болоод залууст инээмсэглэл, хошин шүүмж хэрэгцээтэй байсан юм билээ. Би анх Америкийн комедиануудын тоглолтыг интернетээр үзээд “Ямар гоё юм бэ.Ийм шоу яагаад Монголд болдоггүй юм бэ гэж” боддог байсан. Олон хүн ийм бодолтой, энэ төрлийн хошигнолыг хүлээж байсан юм билээ. Тиймдээ ч бид үүнийг хийснээрээ анхдагч болж, тэр хэрээрээ маш олон үзэгчийг өөрсдөдөө татсан. Гэхдээ анх комеди хийж эхлэхдээ клуб маань энэ байгаа хэмжээнд хүртэл өргөжнө гэж бодоогүй. Харин одоо ухрах замгүй болсон.

-Анх стэйнд ап хийхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. АНУ-ын Барууны урсгалын хошигнолыг Монголын хөрсөнд буулгахад хэцүү байсан байх?

-Анх бид комеди гэхээргүй өөрт инээдтэй санагдсан дурсамж, бага насны явдлаа ярьдаг байсан. Аргагүй л дээ бидэнд зааж зөвлөх дээд үеийн стэйнд ап хийдэг хүмүүс байгаагүй. “Youtube” гэж сайхан “багш” л байсан. Тэндээс л алдартай комедиануудын тоглолт, зөвлөгөө, хэрхэн амжилтад хүрсэн талаараа ярьсан нэвтрүүлгийн бичлэгийг үзсэн. Надад анх эхэлж байсан үе минь ямар ч гэрэлгүй тас харанхуй өрөөнд зөвхөн хоёр гараараа орчин тойрноо тэмтрээд цааш алхаж байсан мэт санагддаг.

Тэнд хаана юу байгаа нь харагдахгүй. Тиймээс толгойгоо цохисон хойноо л энд унжсан тааз байгаа юм байна гээд баримжаа авч цааш алхана. Тэрэнтэй адил алдаанаасаа бүхнийг сурсан. Одоо бодоход эхэндээ тайзан дээр гарахаас их айдаг байсан. Гэрийнхний тухайд манай ээж намайг юу ч хийсэн дэмждэг. Амьд хөгжим сонирхож байхад анхны гитарыг авч өгсөн. Тэгээд “DJ хийе” гэхэд электро хөгжмийн хэрэгсэлтэй болгосон. 2013 онд манайх гэр бүлээрээ АНУ-руу аялсан.Тэнд л би анх стэйнд ап комеди шоуг тухайн орчинд нь үзсэн. Манай ээж миний бүх хүсэл мөрөөдлийг дэмждэг байсны ачаар миний зорьсон ажил амжилттай явж байгаа. Харин манай аав эхэндээ санаа зовж байсан. “Энэ комедиг чинь Монголд хүн үзэх үү”, “Чи тэгээд ийм ажил хийгээд хоолоо олж идэж чадах уу” гээд нэг бодлын намайг сорьсон асуулт асууж, шалгасан. Хип хоп хамтлаг, гитараа орхиж, телевизийн ажлаасаа гарсантай адил удахгүй яриад байгаа зүйлээ хаяж магадгүй гэж санаа зовж байсан юм билээ. Одоо манай гэр бүлийнхэн бүгд, бүр өвөө, эмээ хүртэл намайг дэмждэг.

-Стэйнд ап комедиагаас уйдах эсвэл шантрах үе байсан уу?

-Анхандаа тайзан дээр гараад хүмүүсийг инээлгэж чадахгүй, ярих гэж байсан зүйлээ мартаж, гацаад өөрөө эвгүй байдалд орж байсан тохиолдол бий. Ийм зүйлийн дараа өөрт хэцүү байсан. Түүнээс яг шантарсан үе бол байхгүй. 2014 оны есдүгээр сард комеди хийж эхлээд дөнгөж найман cap болох үеэрээ аав болсон. Түүнээс хойш улам хичээсэн. Учир нь гэр бүлээ бодсон ч тэр надад шантрах эрх байгаагүй.

-“UB комеди” клуб хэзээнээс олонд танигдаж эхэлсэн бэ?

-Манай клуб анхны нэгдсэн тоглолтоо “Архитектор” ресторанд 2016 оны нэгдүгээр сард хийж, дараа нь С1 телевизээр цацагдсан. Тухайн үед зааланд 200 гаруй үзэгч цугласан. Өмнө бол найз нөхдийн хүрээлэл 10-20 хүний урд ярьдаг байсан учир анх удаа тийм олон үзэгчид комедигээ хүргэсэн. Одоо бол байнга л 200 орчим үзэгчдэд тоглолт хийдэг. Харин хоёр дахь удаагийн нэгдсэн тоглолтын үеэр ярьсан Идэрээгийн “I have two horse”, өөрийнхөө “Араар тавилттай тэмцэх газар”, “шилэн төмсөг” зэрэг бичлэгийг “фэйсбүүк”-т оруулсан. Тэр бичлэгүүд сошиал орчинд хандалт сайн авч, хүмүүс манай клубийг анзаарч мэддэг болсон.

-Монголчууд их уйдамхай. Ямар нэг шинэ зүйлийг анх гарч ирэхэд нь хошуураад удалгүй өөр зүйлд тэмүүлдэг. Үүнтэй адил комедигаас уйдаж эхэлбэл үзэгчдээ алдахгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ талаар байнга л боддог. Угаасаа үзэгчид комедиануудаас уйдах байх. Харин стэйнд ап комеди гэсэн урлагийн чөлөөт төрлөөс бол уйдахгүй. Түүнээс бидний царай хуучирна. Мөн намайг нэг л төрлийн сэдвээр ярьдаг гээд тухайн сэдвээр хайрцаглах гээд байдаг. Харин би үзэгчдийн тэр сэтгэхүйг сөрж, өөр бусад сэдвээр тэднийг инээлгэж чадна гэдгээ харуулах, аль болох шинэлэг зүйлс ярьж, гайхшруулахыг хичээж байгаа. Бид үзэгчдээ уйдаахгүйн тулд аль болох шинэ хошигнол ярьдаг. Мөн нийгэмд гарч буй инээдтэй үйл явдлыг хошин хэлбэрээр шүүмжилдэг.

-Гадны комедиан жүжигчид энэ төрлөөр хэдэн нас хүртлээ тоглолт хийдэг вэ?

-Комедианууд өөрсдөө сайн байвал үзэгчтэй байдаг. Key Lewis, Dave Chapelle нар бол нэлээн удаан хугацаанд энэ төрлөөр ажиллаж байна. Dave бүр 30 гаруй жил энэ төрлөөр тоглолт хийсэн. Тэдний стэйнд ап тоглолтын бичлэг одоо ч “Netflix’’-д ордог. Энэ төрлөөр олон жил дагнасан ч чадвар нь буурахгүй улам л сайжирсаар байгаа. Тэгэхээр гол нь ярьж буй хошигнолоо шинэчилж байх ёстой.

-Танайхан бараг бүгд англиар комеди ярьдаг. Цаашдаа олон улсын зах зээлд гарах хүсэл бий юу. Хэр боломжтой вэ?

-Одоохондоо гадаад фэнүүдтэй болсон монгол комедиан хараахан гараагүй. Харин манай клубт Золоо гэдэг комедиан бий. Польшид өссөн, тэнд польш хэлээр, Берлинд англи хэлээр тоглолт хийдэг байсан. Сүүлд урд хөршийн “Шанхай”, “Кунг-фу” комеди клубт англи хэлээр тоглолт хийж байсан. Миний нэг мөрөөдөл монгол комедианыг дэлхийд гаргаж ирэх.

Монгол хүн англи хэлээр хошигнол ярьж, тэр нь гадны үзэгчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн хэмжээний од болоосой гэж хүсдэг. Гаднынхан Монгол Улсын талаар мэдээлэл бага байдаг. Ихэнх нь морь мал, нүүдэлчин уламжлалаар нь төсөөлдөг. Бүр Монголд хот байдаг гэдгийг мэддэггүй хүн бий. Тэгэхээр хошин мэдрэмжээр дамжуулж, гадны үзэгчдэд эх орноо, улсынхаа хөгжлийг сурталчлах боломж бий.

 

-Та нарыг гадны комедиануудыг хошигнолыг орчуулдаг гэдэг шүүмжлэл байдаг?

-Бид гадны комеди орчуулдаггүй. Харин гадаад комедианы биеэ авч яваа байдал, хоолойны өнгийг өөрийн мэдэлгүй дуурайх тохиолдол бий. Манай “нээлттэй микрофон" арга хэмжээнд ордог зарим оролцогч гаднын комедианы хошигнолыг монголоор ярьж байдаг. Гэхдээ яг тэгж хуулсан яриа манай үзэгчдэд нээх таатай санагддаггүй. Учир нь барууны хэл, соёл манайхаас өөр. Жишээлбэл, өгүүлбэрийн бүтэц ондоо. Англи хэлэнд үйл үг нь өгүүлбэрийн эхэнд байрладаг бол монгол хэлэнд төгсгөлд нь ордог.

-Та тоглолтын заалны жижиг зүйл дээр ч бүхий л анхаарлаа хандуулдаг юм шиг санагдсан. Арын албаа ганцаараа хариуцдаг уу?

-Би гишүүдээ тоглолтдоо, өөрсдийнхөө үзүүлбэрт бүх анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Тиймдээ ч хөгжим, гэрэлтүүлэг, дуугаралт, видео монтаж зэрэг ажлыг хийдэг арын албаны багаа өөрөө ахалж ажилладаг. Манай арын алба тоглолт хийх таатай нөхцөл, орчин, гэрэлтүүлэг зэргийг хариуцдаг.

-Комедианууд үзэгчдэд ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ. Мөн энэ ажлаасаа ямар таашаал авдаг вэ?

-Үзэгчдийг хацрын булчин нь чилж, гэдэс нь базалж, нулимс нь гартал инээлгэхийг хүсдэг. Улаанбаатар хотын түгжрэл, утаа зэрэг нь иргэдийг нэлээд стрессдүүлдэг. Тиймээс залуусыг тэр бүх таагүй зүйлсийг хоёр цаг ч болтугай мартаасай гэж хүсдэг. Хүнийг инээлгэх болгонд үгээр илэрхийлж болшгүй гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээ тоглолт бүр дээр ахин авахыг хүсдэг. Тийм үед тайзан дээр онгод орно гэдэг шиг бэлдээгүй хошигнол цаанаасаа тархинд ундраад байдаг.

 

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Батбилэг: Үндэсний телевизэд нэг жил ажиллах хугацаандаа би маш их зүйл сурсан       
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй