Шууд Chart

Саарал ажнайн шастир

2021-01-08 13:03:41

Өндөр гэгээний түмэн өлзий гийсний даншиг наадам 1995 онд боллоо. Халхын хамаг л хурд Есөнзүйлд тэр зун цуглалаа. Их насны 300 гаруй хүлэг эрэмбэ цэгцтэй гарааны зурхай руу хөдлөв. Том уяачид бүгд л машинтай дагасан юм. Морьд багцаагаар 26 км-т хүрээд эргэлээ. Алдарт уяач Д.Гарамжав, Д.Даваахүү, "Мон-Эрдэнэ"-ийн Б.Пунцагбалжир... гээд томчуудын олон сайн морьд өнгөнд эргэсэн дээ.

Наадамчин олон мэдээж аваргуудын аварга морьдыг харж байлаа. Морьдын зул задрахгүй гурван км орчим яваад байтал бүгээн, хар хоёр адуу өнгөнд заргалдаж эхлэв. Машинд явсан хүмүүс хар морийг нь таниад байгаа. Төв аймгийн Лүн сумын Базаррагчаагийн хар байна гэж. Харин бүгээнийг нь таньдаггүй ээ. Газрын тэхий дунд хүрэхийн алдад хүүхэд нь бүгээн саарал моринд урам өгч эхэллээ. Цан­гинатал гүүглээд, та­шуу­раа хий эргүүлээд л... саарал морь ч шидсэн чулуу шиг гараад явчих нь тэр. Өнөө олон машин саарал морьтой зүүцэлдээд явж өглөө. Морь урал­даад байгаа юм уу, машин уралдаад байгаа юм уу, бүү мэд. Гайхамшигтай нь саарал морь тэр олон машины тоосон дотроос торойтол гараад ирдэг юм байна. Толгойгоо дороо хийгээд, хоёр чихээ солбиод, баруун жолоогоо дугтарсхийн шилбүүрдээд урагшаа зүтгэх нь мөн ч бах­д­маар, нулимс гармаар байсан шүү. Бариа ч дөхсөн. Саарал морины тамир одоо л шавхагдаж байгаа даа гэхэд хүүхэд нэг ч ташуур хүргээгүй байсан юм даа. Ямар ч албадлагагүй журайтал явсаар барианы тавилан руу оров. Саарлыг зурхайд хүрэхэд Гарамжав, Хорлоодой нарын том уяачид сая таньж Дундговийн Эрдэнэдалайн С.ГомбоОчирын саарал морь мөн шив дээ гэцгээсэн юм. Энэ цаг үеийн их даншигуудад (Өндөр­гэгээн, Зава Дамдин, Говь Шанх) босоо түрүүл­сэн С.Гомбо-Очирын саарал морины домог мэт хурд ийнхүү эхэлсэн түүхт­эй.

Энэхүү уралдааныг С.Гомбо-Очир гуай сүүлд ийнхүү дурссан байдаг "Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон даншиг наадамд очлоо. Урьд нь би том наадамд очиж үзээгүй байсан юм. Тэр жил бага саа­рал азарга хавчиг соёолон настай дэндүү хурдан байв. Би түрүүлнэ гэж бат итгэлтэй байлаа. Морь гарахад хүүхдэдээ "Миний хүү тэр Гарамжавын өсгий цагаан хар, Хорлоодойн хар азарга хоёрын аль түрүүлж гарсанд нь “наачихаарай”. Тэгээд битгий тат" гэж хэллээ. Саарал азарга Хорлоодойн хартай үзэлцсээр наймаар ордог юм байна. За энэ наадмаар айраггүй боллоо гэж бодлоо. Харин саарал морио түрүүлнэ гэж даанч санасангүй. Гэтэл их нас гараанаас хөдлөөд удаагүй байтал саарал морь өнгөлж эхэл­дэг юм байна. Үгүй бүр явсаар байгаад түрүүлсэн. Тэр өдрийн орой нь жийп гээч машинтай хүмүүс намайг хайж давхиад, би дов үзээгүйн харгайгаар айж ширвээтээд уулзаагүй л дээ" гэж.

С.Гомбо-Очир гуай Эрдэнэдалайдаа л байх. Саарал морь мөн нутагтаа. Нэг их тэжээл бордооны тордлогогүй ясны адуу. Дараа жил нь Завадамдин гэгээний даншиг гэж том наадам Дундговьд боллоо. Хол ойрын хөл хөдөлгөөн их. Урьд жил нь Есөнзүйлд саарал моринд туушиндуулсан томчууд даагаа нэхэхээр морьдоо авчирчээ. Шимтэйхэн уралдаан болж, Халхын их уяачид энэ удаа саарал морийг бас л барсангүй. Саарал ирдгээрээ ирлээ.

Энэ ту­хай С.Гомбо-Очир гуай мөн л ярих "Завадамдин гэгээний даншигт очлоо. Манай сумдын дарга нар машиндаа архи уугаад манай тэр энэ морь түрүүлнэ гээд хөшилдөөд байх. Манай сумын дарга Сумбаа надаас саарал морь гарна биз гэж байна. Би гарна гэлээ. Тэгээд их нас уралдахад сумынхаа даргатай зам тосоод байтал саарал морь байдаггүй ээ. Тоолоод байтал гараанаас 10 км-ийн багцаанд 278-аар гарч ирлээ. Замбараагүй хол хаягджээ. Би за наадах чинь айраггүй боллоо. Түрүү морин дээр очъё гээд говь гатлаад явж байтал Сумбаа дарга "Хүүе нөгөөдөх чинь тэр мөн үү" гэж байна. Харсан чинь саарал морь минь арав гаран дээр шуухайчихсан юм ороод ирж байна. Сэтгэл хачин оргиод болдоггүй. Нулимсаа нударгаараа нэг сайн шударчихаад хараад явлаа. Ахисаар хол түрүүлсэн дээ. Одоо бодоход тэр дороос, 200 гаруй морийг яаж гаталж ирсэн юм". Үнэндээ бол С.Гомбо-Очир гуай саарал мориндоо итгэдэггүй. Яагаад гэвэл саарал морь уралдахдаа өөрийгөө дүүрэн харуулдаггүй. За даа өнгөрөв бололтой гэхийн хэрд л түрүүлчих­дэгээрээ эзнийгээ гом­доо­гоод баярлуулдаг адармаатай ажнай байжээ.

Саарал морины гоё түүх цааш үргэлжлэх. Гурав дахь том даншиг нь Говь Шанхын хурд байв. Өмнөговьд болсон юм. Өөрсдийгөө боржигон гэж үздэг хүн бүхэн Говь Шанхын тоосонд очих дуртай. Халхын уяачдын гурав дахь даагаа нэхэлт тэнд боллоо. Бодохноо Гомбо-Очирын саарлын өмнө минийх яагаад... гэдэг бодол бүтэн жил тэдний сэтгэлд эргэлдсэн нь тодорхой. Ингээд аваргууд гурав дахь удаагаа Говь Шанхын хурдыг зо­рилоо. Тэдэнд найдвар байлаа. Яагаад гэвэл саа­рал морь тэр жил 19 нас хүрээд байсан юм. Сайн адуу дээд тал нь 34 насалдаг гэж үзвэл саарлын нас хүнээр бол 60 хол гарсантай дүйнэ. Бүр тая­гандаа хүрсэн нас л даа. Хүмүүс ч саарлыг уралдах эсэхэд нь эр­гэлзэж байв. Гэтэл өвгөн, өвгөн саарал морио хөт­лөөд иржээ. Энэ тухай С.Гомбо-Очир гуай юу гэж ярьсныг хүргэе.

"Ер нь дассан сурсан адуунд шийдсэн ажил хийхэд алдаа бага гардаг юм. Говь Шанхад би очихоор бэлдлээ. Саарал морь 19 настай. Жил ирэх бүр бууралтаж цав цагаан болсон морийг уяж зо­вооно гэхээс зүрхшээгээд болдоггүй, хэд хонолоо. Тэгэхнээ дов үзсэн адуу цогиод ирнэ дээ гэж бодогдох. Өвгөн саарлыг миний долоон настай хүү Пүрэв-Очир анх удаа унаж байгаа. Манай Эрдэнэдалайн адуу сайн шүү. Суманд хоёр давхил өгөхөд саарал морь тасархай түрүүлж байна. Ингээд Говь Шанхын давхил хэзээ болохыг нь сурсаар урьд орой нь явж хүрлээ. Их сунгаа болж 28 морь нийлж байна. Саарал морь хамгийн сүүлд гарлаа. Хүүгээрээ гуядуулсаар түрүүлгэв. Эргээд манай дунд хүү хөтлөөд явтал явдаггүй гэнэ. Бүр цулбуурыг нь мөрөн дээгүүрээ гаргаад бараг чирэх шахуу яваад замдаа орхичихоод иржээ. Үдэш хүүхэд явуулж саарал морио авчирлаа. Тэр шөнө уяж хоноод өглөө нь идүүлж байгаад нэмнээтэй тарласан чинь хурдан байна. Маргааш наадам болно гэж байгаа, дахиад давхар нэмнээтэй тарласан үгүй ер гүйцэгдэх янз алга. Хөлс хусуур дүүрэн гарч байна. Тэгэхээр нь уяж байгаад шөнө хугасалж тавилаа. Хүмүүс Гомбо-Очир саарал морио больчихлоо гэх янзтай. Өглөө морьдоо барьж уялаа саарал морь тогтож ядаад жигтэйхэн. Олон наадамд уралдах­даа хэзээ ч хөөрч бай­гаагүй номхон дөлгөөн адуу л даа. Би "За миний морь гарцаагүй айрагдана" гэж өөрийн эрхгүй хэлж байлаа. Яг л миний санаснаар болж Говь Шан­хад сааралтай хани­лах морь гараагүй юм. Дорнодын Аюушийн цагаан, Өмнөговийн Цогт­цэцийн Совдын хээр морьд хэсэг ханилсан. Саарал морь гурван км орчим хол түрүүлсэн дээ". Сэтгэл хөдөлгөм сайхан түүх байгаа биз.

Энэ наадмаар долоохон настай хүүгээ морины тоосонд явуулсан эжийн сэтгэл ямар байсан бол гэж бодохоос хэл загатнаад болдоггүй, С.Гомбо-Очир гуайн гэргий Ш.Цэндсүрэн гуайгаас асуулаа. Ш.Цэндсүрэн гуай ярьж байна аа.  "Наадмын урьд орой миний хүү нэг л ондоо байлаа. Юм л бол мөөмөө хөхнө гэж эрхлээд. Миний хүү дөнгөж долоо хүрч байсан болохоор би их түгшиж айж байв. Миний хүү ингэж эрхэлдэггүйсэн. Мориноосоо уначихвий гэж бодохоор бүр тэгээд өнгөрчих гээд, сүүлчийн удаа эрхлээд байгаа ч юм шиг санагдаад, сэтгэл нэг л хачин байлаа. Тэр морь нь битгий түрүүлээсэй, хүү минь эсэн мэнд, сүүлд нь ч хамаагүй цогиод ирээсэй гэж залбирч байв. Би морь дагаж явлаа. Хүмүүс морь чинь тэр явна гэхэд би хойгуур хараад, энэ ард л зөөлхөн явж байгаасай гээд эргэж хараад олдоггүй. Тэгсэн хүмүүс ийшээ хараач гэсэн. Миний хүү нэг жаахан юм навхайчихсан явж байна. Өөрийн эрхгүй нулимс гарч хамар шархираад болдоггүй. Хүмүүсээс нууж нулимсаа арчаад. Саарал морь урагшаа ахисаар төдхөн ганцаараа гараад, торойтол холдоод явчихаж билээ. Сайхан буян шүү. Одоо саарал морь 30 дөхөж байна. Манай ач зээ на­рын, бид бүгдийн эрхлүүлдэг хайртай морь минь тэр л байна даа" гэж ярив. Ш.Цэндсүрэн гуайн яриаг илүү дутуугүй хүргэхэд энэ юм. Нялх үрээ мянган морины тоосонд мордуулсан ээжийн сэтгэл ямар байдгийг та бид уншлаа. Магадгүй энэ замбуулингийн хамгийн эр зоригтой ээж, хүү хоёрын сэтгэл эндээс харагдана.

Эхнэрийнхээ яриаг сонсч суусан С.Гомбо-Очир гуай надад бас нэгэн "аймаар" түүх ярив. "Хүү маань нялх, жаахан юм болохоор гараан дээр мориноосоо хийсчих гээд болдоггүй. Амаргүй л дээ, дөнгөж хөдөлж байгаа тэр олон морины хөлд унавал үрэгдэлгүй яахав. Тэгэхээр нь аргаа оллоо. Хүүгээ эмээл дээр нь ганзагаар нь хүлчихэж байгаа юм. Манай хөгшин ямар манийг дагаж гарааны зурхай дээр ирэх биш. Хүүдээ болохоор эжийдээ битгий хэлээрэй гээд чихэр мэхэрхэн өвөр­т нь хийчихнэ. Гараанаас хөдлөхөд нь харж байсан сөөвийсөн юм мориныхоо шанханд наалдаад гараад явчихаж байгаа харагдана. Би ч уул ус, тэнгэр хангайдаа морь хүүхдээ даатгаад дагаж давхилаа" гэж. Мөн бүдүүн зүрх шүү. Морь мал нь бүдэрч унавал яана. Монгол эр хүний сэтгэл ийм хатуу ажээ. Ийм хатууг үзэж өссөн хүүхэд ямархан тэсвэр тэвчээртэй хүн болж төлөвших бол оо. Энэ ч нэг хэрэг дээрээ хүний нялх үрийг хүлж баглуулсан саарал морины увдис, бүр түрүүлж буйг ярих хэрэг дараа гарах нь. Адууны ухаан гэж энэ биз ээ. Өвгөн саарал морийг долоон настай Пүрэв-Очир хүү унаж түрүүлсэн түүх ийм ажээ.

П.Хашчулуун


Саарал ажнайн шастир  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй